ЛОЗАНН, 2026 оны долоодугаар сарын 24 /DW/. Европын Холбооны 21 дэх удаагийн хоригийн жагсаалтад нэр нь орсон ОХУ-ын иргэн Аркадий Дворкович Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчийн бүрэн эрхээс сайн дураараа түдгэлзэж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.
Өөрийнх нь нэрийг жагсаалтад оруулсан асуудлаар тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүхэд ялалт байгуулах хүртлээ албан тушаалаасаа татгалзах ажээ.
Түүний мэдэгдэлд дурдсанаар “ФИДЕ-гийн дүрмийн дагуу ерөнхийлөгчийн үүргийг тус холбооны дэд ерөнхийлөгч, шатрын 15 дахь удаагийн дэлхийн аварга Вишванатан Ананд гүйцэтгэнэ”. А.Дворкович дээрх шийдвэрийг гаргасан нь үнэн болохыг ФИДЕ-гийн зөвлөл баталсан байна.
Оросын эсрэг ЕХ-ны 21 дэх багц хориг өчигдөр буюу пүрэв гарагт хүчин төгөлдөр болсон юм. Эдийн засгийн салбаруудаас гадна уг хоригийн жагсаалтад 48 хувь хүн, 170 хуулийн этгээд багтжээ. Энэ нь Украинд дайн эхэлснээс хойш хоригийн жагсаалтыг хамгийн ихээр өргөтгөсөн тохиолдол юм.
А.Дворковичийг жагсаалтад оруулсан шалтгаанаа ЕХ тайлбарлахдаа “тэрбээр Украины эсрэг дэгдээсэн Оросын түрэмгий дайныг дэмжсэнээс гадна Украины эзлэгдсэн газар нутагт шатрын тэмцээн зохион байгуулсан Оросын шатрын холбоотой хэлхээ холбоо тогтоосон” гэжээ.
Дворковичоос гадна хоригийн жагсаалтад Оросын ерөнхийлөгч туслах Владимир Мединский, ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев, “Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Олег Белозеров, ОХУ-ын Төв банкны орлогч дарга Сергей Белов, “Газпром-медиа холдинг” компанийн ерөнхий захирал Александр Жаров нар болон бусад хүмүүс багтсан байна.
Эдгээр хүмүүсийн ЕХ-ны гишүүн орнууд дахь бүх хөрөнгийг битүүмжилсэн ба ЕХ-ны нутагт дэвсгэрт нэвтрэхийг нь хоригложээ.