Куба: Дайны үеийн сэтгэл зүйтэй байхыг иргэдээс хүсэв

Барак Обамагийн үед буюу 2015 онд АНУ, Куба улсууд дипломат харилцаагаа сэргээж байв. Тухайн үед америк жуулчид олноор ирж байсан тухай кубачүүд өнөөдөр сэтгэл дүүрэн дурсан ярьдаг. Эгэл жирийн америкчуудаар тогтохгүй Уилл Смит, Рианна, Ким Кардашиан нар хүртэл ирж, том, жижиг бүх л бизнесүүд ажилтай, орлоготой байв. Нийгмийн бүхий л салбар ашиг тусыг нь хүртсэн гэдгийг өнөөдөр кубачүүд ярих аж.

Харин одоо тус улс сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй эдийн засгийн тодорхойгүй байдлыг туулж магадгүй болоод байна.

Трампын засаг захиргаа Куба руу очих нефтийн урсгалыг хааж, улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэлийг тэднээс шаардаж байна. Нөөцөнд байсан шатахуун дуусах шатандаа орсон тул олон бизнес үүдээ барив. Хямрал үргэлжлэх тусам 10 сая хүн амтай арлын амьдрал аажмаар зогсонги байдалд орж байна.

Сургууль, эмнэлэг, уул уурхай, зочид буудал, нисэх буудал гээд олон салбарт шатахууны хомсдол нөлөөлж байна.

Холын зайд олон улсын нислэг үйлдэх хангалттай шатахуун байхгүй тул Орос, Канадын нислэгүүд цуцлагджээ. Мөн Их Британи болон Канад улсууд иргэддээ Куба руу зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ кубачүүдийн хэрэглэдэг хүнсний ихэнхийг гадаадаас импортолдог. Гэвч АНУ дахь зарим улстөрч Кубад үзүүлдэг бүх тусламжийг бүрэн зогсоохыг уриалж байгаа тул угийн эмзэг байсан шугам тасрах эрсдэлд оржээ. Хүнсний зарим компани тог цахилгаангүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Гэтэл Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель ард иргэдийг тэвчээртэй бөгөөд бүтээлч байхыг уриалав. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж чадах зүйлсээ идэж, дайны үеийн сэтгэл зүйтэй байхыг ард иргэдээс хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн