Швейцарийн хэлэлцээнээс өндөр үр дүн хүлээлтгүй

Орос, Украины албан тушаалтнууд энэ долоо хоногт энхийн хэлэлцээний хоёр дахь үе шатыг Швейцарьт үргэлжлүүлнэ. Уулзалт өнөөдрөөс /2026.02.17/ эхэлж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.

Сүүлийн удаад Абу Дабид болсон гурван талт хэлэлцээнээс дорвитой үр дүн гараагүй. Швейцарийн хэлэлцээнээс ч мөн адил өндөр үр дүн хүлээлтгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гаригт /2026.02.16/ мэдээлэл өгөхдөө “Абу Дабигийн хэлэлцээ гал зогсоох санал дээр ихэвчлэн төвлөрсөн. Энэ удаад илүү өргөн хүрээнд, газар нутгийн асуудал болон Москвагийн зүгээс тавьж буй бусад шаардлага дээр төвлөрнө” гэсэн юм.

Оросын хэлэлцээчдийг Путины консерватив зөвлөх Владимир Мединский даргалах ба Цэргийн тагнуулын газрын дарга Игорь Костьюков, Гадаад хэргийн дэд сайд Михайл Галузин нарын 20 гаруй албан тушаалтан багт багтжээ. Харин Украины талаас Украины Үндэсний аюулгүй байдлын сайд Рустем Умеров тэргүүтэй өмнөх бүрэлдэхүүн Женевт ирээд байна.

Энхийн хэлэлцээг өмнө нь Абу Даби, Истанбулд хийж байсан бол энэ удаад анх удаа Европын оронд зохион байгуулж байна. Энэ саналыг АНУ-ын дэмжлэгтэй гаргасан байх магадлалтай юм.

Зеленский энэ удаагийн хэлэлцээний талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө Донбассын газар нутгийг өгөх бодолгүй байгаагаа давтан хэлсэн. Тэрбээр ОХУ өмнө нь Чечень, Гүрж, Крымд газар нутаг эзэлснийг сануулаад, түрэмгийлэгч талд ямар нэгэн зүйлийг булаан авахыг зөвшөөрөх нь том алдаа гэж мэдэгджээ.

Мөн “ОХУ одоо сард 30-35 мянган хүнээ алдаж байна. Ийм байдлаар дөрвөн жилийн дайныг үргэлжлүүлснээрээ асар их зардалтай, ихэнхдээ амжилтгүй байлаа” гэж тэр хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн