Турк улсад Ардчилал, үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна

АНКАРА, 2026 оны долоодугаар сарын 16 /Kazinform/. Цэргийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосны 10 жилийн ойд зориулсан “Ардчилал, үндэсний эв нэгдлийн өдөр”-ийг Туркийн Анкара, Истанбул хотуудад тэмдэглэжээ.

Тухайлбал, одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 оны долоодугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон тэрхүү эмгэнэлт үйл явдлыг нэхэн сануулсан үзэсгэлэн гарч, жагсаал цуглаанууд боллоо. Анкара хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон цуглаанд Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан болон 20 мянган иргэд оролцсон байна.

“Долоодугаар сарын 15 бол зөвхөн төрийн эргэлт хийх цуст оролдлогыг таслан зогсоосон шөнө биш ээ, энэ бол манай үндэстэн өөрийн үзэл санаа, ардчилал, тусгаар тогтнолоо амиараа хамгаалсан, түүхэнд алтан үсгээр бичигдэх, ардчиллын агуу ялалтын өдөр юм” гэж Туркийн төрийн тэргүүн хэллээ.

Ардчилал, үндэсний эв нэгдлийн 10 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон улсын мэдээллийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 улсын 41 сэтгүүлчийг урьж ирүүлсэн байна.

Эргэн сануулахад, 2016 оны долоодугаар сарын 15-наас 16-нд шилжих  шөнө Фетулла Гюлений толгойлсон FETÖ гэдэг террорист байгууллагынхан төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авахыг оролдсон юм.

Цэргийн эргэлт хийх оролдлогод 9 мянган цэргийн албан хаагч оролцож, 35 байлдааны нисэх онгоц, 37 нисдэг тэрэг, 74 танк, 246 хуягт тээвэрлэгч, 3 байлдааны хөлөг онгоцыг ашигласан байна.  Энэ үеэр 253 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн