МАДРИД, 2026 оны долоодугаар сарын 10 /Reuters/. Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас эх орондоо буусны дараа тээшнээс нь гар буу, сум гарч ирсэнд багагүй гайхжээ.
НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Анкара хотноо амаргүй уулзалтад хийсний дараа зохион байгуулагч орны Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тэдэнд нэгэн ер бусын бэлэг гардуулан өгсөн нь хуучны загварын револьвер гар буу байв. Түүнчлэн уг бууг зүгээр нэг үзмэр төдий зүйл биш гэдгийг илтгэх жинхэнэ сумыг хамт дагалдуулсан байна.
Эрдоан ийнхүү сүүлийн жилүүдэд экспортынх нь чухал бүтээгдэхүүн, гадаад бодлогынх нь нэг хэрэгсэл болоод байгаа Туркийн батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарын ололт амжилтыг харуулахыг зорьжээ.
Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседагийн ажлын албанаас нийтэлсэн зургаас үзвэл, уг буу нь Туркийн зэвсэг үйлдвэрлэгч MKE компанийн 1990-ээд онд үйлдвэрлэсэн, ховорт тооцогддог зургаан сумтай “Gümüşay .357 Magnum” револьвер бололтой.
Уг бууг турк, англи хэлээр “Манай улсад үйлдвэрлэсэн анхны револьвер төрлийн гар буу – Gumusay” гэсэн тайлбарын хамт Туркийн төрийн далбаа болон НАТО-гийн лого бүхий модон хайрцагт байрлуулсан байжээ.
Нэрийг нь сийлсэн ижил загварын буу
Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, удирдагчдад бүгдэд нь ижил загварын буу бэлэглэсэн бөгөөд бууны гол төмөр дээр тэдний нэрийг сийлсэн байжээ.
Бельгийн Ерөнхий сайд буугаа Брюсселийн нисэх буудлын цагдаад хүлээлгэн өгч, сейфэнд хадгалуулсан байна.
Харин Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкийн туслах “RMF FM” радиод хэлэхдээ, Варшавын нисэх онгоцны буудалд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгааг дурдаад, “Нэгдүгээрт, аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт, төрийн бэлэг гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хадгалах” зохистой газарт хадгалуулна гэжээ. “Мэдээж үүгээр хэн ч буудахгүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Нидерланд болон Шведийн Ерөнхий сайд нарын ажлын албанаас мэдээлснээр, тэдний гар бууг Анкарад суугаа Элчин сайдын яамд руу хүргүүлсэн байна. Нидерландын тал бууг ашиглах боломжгүй болгохоор төлөвлөж байгаа бол Шведийн тал зэвсэг импортлох бичиг баримтын бүрдүүлэлтийг хүлээж байгаа аж.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерт бэлэглэсэн буу нь цэвэрлэгээний хэрэгсэл болон 500 ширхэг сум дагалдуулсан байсан гэж Даунинг-стрит дэх эх сурвалж хэлсэн байна.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн гар бууг бусад улсын бэлгүүдийн хамт хадгалуулахаар засгийн газрын ордон болох “Палаццо Кижи”-д хэдийн хүргэжээ.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен гар буугаа цэргийн музейд бэлэглэх бодолтой байгаа бол Грекийн удирдагч Афин хотын Дайны музейд өгөхөөр төлөвлөж байна.
Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни “Миний өгсөн агч модны шүүс Туркийн бэлгийн дэргэд арай л жулдчих шиг боллоо” хэмээн хошигноод, гар бууг хараагүй гэдгээ хэлэв. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Тэд намайг зэвсгээс хол байлгадаг тул би канадчуудыг тайвшруулмаар байна” гээд, бууг ажиллагаагүй болгосон бөгөөд үндэсний дайны музейд тавигдаж магадгүй хэмээн хэлжээ.
Туркийн орчин үеийн гар бууны үйлдвэрлэл голчлон хагас автомат гар буунд төвлөрдөг тул “Gümüşay” револьвер нь цуглуулагчдын сонирхлыг татах ховор загвар юм.
Туркийн үйлдвэрлэгчид хямд үнэтэй гар буу, ангийн буугаараа Европын иргэний зориулалттай галт зэвсгийн зах зээлд “хүч түрэн орж ирж” байгаа бөгөөд спорт болон албаны зориулалтын өндөр үнэтэй зэвсгээрээ танигдсан Итали, Бельгийн уламжлалт брэндүүдтэй өрсөлдөж байна.
Женевт төвтэй “Small Arms Survey” байгууллагын мэдээлснээр, Турк улс 2019-2024 онд дэлхийн жижиг галт зэвсэг экспортлогч гурав дахь том орон болсон бөгөөд энэ хугацаанд 3 тэрбум орчим ам.долларын зэвсэг экспортолж АНУ, Италийн дараа бичигджээ.