Ираны газрын тосны худалдаанд тавьсан хоригийг сэргээжээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 8 /Reuters/. Ормузын хоолойн орчимд газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан танкерууд руу халдсан тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын засаг захиргаа Ираны газрын тосны худалдаанд тавьсан хориг арга хэмжээг дахин сэргээжээ.

Шинэ хязгаарлалтууд тогтоож байгааг мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 5 гаруй хувиар өсжээ. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдэхдээ, Иран Ормузын хоолойд хөлөг онгоцууд руу халдсан нь “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл” бөгөөд үүнийхээ үр дагаврыг амсах болно гэсэн байна.

Үүнээс өмнө АНУ-ын Сангийн яам Вашингтон, Техраны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Ираны газрын тосыг наймдугаар сарын 21 хүртэл худалдахыг зөвшөөрөөд байсан юм. Харин шинэ шийдвэрийн дагуу уг зөвшөөрлийн хугацааг долоодугаар сарын 17 болгон наашлуулжээ.

Их Британийн Далайн тээврийн аюулгүй байдлын агентлагийн (UKMTO) мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Ормузын хоолой болон ойролцоох бүсэд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөн байна.

Нөхцөл байдал хурцадсан хэдий ч АНУ-ын төлөөлөгчид Ираны талтай эцсийн хэлэлцээрийг байгуулах зорилгоор үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж байна гэж мэдэгджээ.

Газрын тосны экспорт нь Ираны гадаад валютын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд улсын төсөвт жил бүр олон тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, АНУ-ын олон жилийн хоригт байгаа эдийн засгийг нь дэмжсээр ирсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн