2026-2027 оны хичээлийн жилд 31 суралцагч Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр суралцана

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гадаадын их, дээд сургуульд суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийж дуусжээ.

Сонгон шалгаруулалтад 200 иргэн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд хоёр иргэн хүсэлт гаргаснаас нэг нь шалгарсан аж. Түүнчлэн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад  бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг бүртгэж нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэнийг эрэмбийн дарааллын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Ингэхдээ 10 иргэний өргөдлийн хүлээн авч хянаж, шаардлага хангасан долоон иргэнийг шалгаруулжээ.

Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжид хамруулах сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулсан байна.

Энэ талаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга П.Зохихсүрэн “Сонгон шалгаруулалтыг хүсэлт гаргагчийн системд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн автомат үнэлгээ өгч эрэмбэлэх, цахим системд хавсаргасан баримт бичгийг журмын дагуу нягтлан хянах, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэсэн үе шаттай зохион байгууллаа. Урьдчилсан эрэмбийн жагсаалтын дагуу Ажлын хэсэн сонгон шалгаруулалтад оролцогчдын системд бүртгүүлсэн мэдээлэл хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгаж, дүгнэлт гаргасан. Сонгон шалгаруулалтыг бүх үе шатанд ил тод нээлттэй байдлыг хангаж, олон нийтэл мэдээлж ажиллалаа. Иргэдээс 45 өргөдөл, гомдол ирүүлснийг тухай бүр хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд шийдвэрлэн хариу өгсөн” хэмээн ярилаа.

Сонгон шалгаруулалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд зарлаж, хүсэлтийг тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 29, 30-нд зохион байгуулжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн