Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 33, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, “Удахгүй наадам эхэлж, олон хоногийн амралт эхэлнэ. Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас шатахуун хомстож, үнэ нэмэгдэх нь гэж хүмүүс нийгмийн сүлжээнд бичсэн. Энэ нь ташаа мэдээлэл юм. Иймд өнөөдрийн нөхцөл байдлыг мэдээлэхээр энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй. Хилийн үнийг харвал дизель түлшний үнэ буурахаар төлөвтэй. ОХУ-тай хийсэн гэрээгээр АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Гурван сарын турш үнэ 30-аас дээш хувиар нэмэгдвэл үнийг эргэж харна гэж гэрээнд бий. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул нэмэх нөхцөл үүссэн. Гэхдээ наадмын өмнө нэмэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг шатахуун импортлогч нарт анхааруулсан.

Энэ сарын 20-нд Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл хуралдана. Энэ хурлаас зарим бүтээгдэхүүний үнэ буурч, заримынх нь үнэ өсөх төлөвтэй байна. 291 мянган метр куб шатахууны агуулах барих ажил эхэлсэн. Наймдугаар сарын 1-нээс зарим агуулахыг ашиглаж эхэлнэ. БНХАУ-ын “Чайна ойл” компаниас шатахуун авахаар зарим аж ахуйн нэгж захиалгаа өгсөн. Тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Мөн БНСУ-аас дизелийн түлш татах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эхний бүтээгдэхүүнийг ачихад бэлэн болсон. Хоёрдогч болон гуравдагч хөршөөс газрын тос нийлүүлэх ажлыг хийж байгааг дуулгая. ОХУ-д үнэ өслөө гээд манайд дагаад үнийг нэмдэггүй. Дизель түлшний үнийг 1385 ам.доллар гэсэн ч Засгийн газар ААН-үүдтэй хамтран ажиллаж, үнээ тохирсон. Энэ үнэ буурч, 1040 ам.доллар гэсэн санал ирлээ. Иймд энэ сарын сүүлээр үнэ буурна” гэв.

Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангажээ. Харин АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоног, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн