ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 3 /BBC/. Британийн музейд ирэх есдүгээр сард дэлгэн үзүүлэх “Bayeux Tapestry” хатгамал хивсийг үзэх тасалбарыг худалдаж авахаар хэдэн арван мянган хүн урт дараалал үүсгэжээ.
XI зуунд гараар хатгаж оёсон энэхүү бүтээлд 1066 онд Нормандууд Английг байлдан дагуулсан үйл явдлыг дүрсэлжээ. Францын Норманд дахь Байегийн музейд их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан уг бүтээлийг Их Британид түр хугацаагаар авчирч байгаа аж. 70 метрийн урттай энэхүү хосгүй бүтээлийг Лондонд 10 сарын турш дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид анх удаа үзүүлж байгаа ажээ.
Лхагва гарагт Их Британийн цагаар 10:00 цагт эхний багц тасалбарыг худалдаанд гаргасны дараа 65 мянга гаруй хүн цахим дараалал үүсгэсэн байна.
Зарим хүн цахим дараалалд хэдэн цагаар хүлээсний эцэст хүсэлт нь хүчингүй болсон гэж олон нийтийн сүлжээнд бичсэн бол зарим нь тасалбараа амжилттай авч чадсан тухайгаа хуваалцжээ.
Британийн музейн захирал Николас Каллинан “BBC Radio 4”-гийн “Өнөөдөр” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа, уг хосгүй бүтээл Их Британид ирсэн нь “гайхалтай үйл явдал” хэмээн онцолсон байна.
Тэрбээр хатгамал бүтээлийг тээвэрлэх болон дэлгэн үзүүлэх явцад хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарал хандуулна гэдгийг тэмдэглээд, тасалбар авсан хүмүүс уг бүтээлийг бүтнээр нь үзэх ховор боломж олдож байгааг дурджээ.
Энэхүү хатгамал хивсийг ойрын долоо хоногуудад Европын туннелиэр Их Британид тээвэрлэн авчрах бөгөөд тусгайлан үйлдвэрлэсэн шилэн хоргонд байрлуулан үзэгчдэд толилуулах аж. Британийн музейн насанд хүрэгчдийн тасалбарын үнэ ачаалал ихтэй үед 33 фунт стерлинг, ачаалал багатай үед 27 фунт стерлинг байх бөгөөд энэ нь Норманд дахь Байегийн музей тасалбарын үнээс (€12) бараг гурав дахин өндөр байна.