Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлийг дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, дэд дарга Ч.Баттулга болон албаны бусад төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын бодлого маш тодорхой. Хот бизнес хийхгүй, хот бизнес хийх орчныг сайжруулна. Энэхүү бодлогын эхлэл нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарт 120 тэрбум төгрөгийн зах зээлийг хувийн хэвшлийнхэндээ нээж өгсөн шийдвэр байлаа. Наадмын дараа сонгон шалгаруулалт явуулна. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд нээлттэй бөгөөд идэвхтэй оролцохыг урьж байна. МҮХАҮТ бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэдэг үндэсний хэмжээний байгууллага. Тиймээс нийслэл, МҮХАҮТ-ын хамтын ажиллагаа нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол ажилладаг механизм байх ёстой” гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг нэг удаа шалгаруулаад орхих бус, бусдад хөшүүрэг болох,  алдаршуулах үүднээс хүндэтгэлийн хөшөө, цогцолбор барихад нийслэлээс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Улсын эдийн засаг, ажлын байр, татвар, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь чухал. Тиймээс “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байна” гэлээ.  

 “Улаанбаатар түншлэл-2026” олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд болно. Энэ жил Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хооронд хамтын ажиллагаа тогтоосны 19 дэх удаагийн чуулга уулзалтыг  нэгтгэн хийх төлөвлөгөөтэй учир нийслэлээс бодлогын дэмжлэг үзүүлэх хүсэлтийг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар түншлэл-2026” олон улсын үзэсгэлэн яармагийг 50 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа нь том боломж. Үзэсгэлэнг Улаанбаатарын хөрөнгө оруулалт, түншлэл, экспорт, үйлдвэрлэл, үйлчилгээний боломжийг харуулах бизнес платформ болгож өргөжүүлэх хэрэгтэй.  2026 оны есдүгээр сард зохион байгуулах энэхүү үзэсгэлэнг НЗДТГ, МҮХАҮТ хамтран илүү хөрөнгө оруулалтын агуулгатай, хотын төслүүдийн танилцуулгатай, дотоодын болон гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судлах нь зүйтэй” гэсэн юм.

Уулзалтаар бизнесийн орчныг сайжруулах байнгын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах саналыг дэмжиж, хамтран ажиллах байр сууриа нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва илэрхийллээ. Тус зөвлөл нь НЗДТГ, МҮХАҮТ-ын бизнесийн холбоодын төлөөллөөс бүрдэж, зөвшөөрөл, газар, барилга, техникийн нөхцөл, татвар хураамж, хяналт шалгалт, худалдан авалт, төслүүдийн асуудлыг тогтмол хэлэлцдэг байх зарчмаар явах талаар хөндөн ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлж, бизнес эрхлэхэд тулгардаг хүнд суртал, давхардсан шаардлага, удаан үйлчилгээ, тодорхойгүй шийдвэрийг багасгах чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн төсөв болон төслийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, арга хэмжээ, тендер, төслүүдийн талаарх мэдээллийг нээлттэй ил тод, хүргэхээр  open.ulaanbaatar.mn  платформыг нээж буйгаа танилцууллаа. Энэ платформ нь бизнесийнхэнд илүү нээлттэй, тодорхой мэдээлэл өгч, хамтран ажиллахад хялбар байх болно гэдгийг онцлов.

 Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлийг дэмжинэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн