Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулсан бөгөөд “Парис-1924” зуны олимпын наадмын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргажээ.

Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлч цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын рингэнд хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж. Тэгвэл 1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн “Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр”-ийг дэлхий даяар албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Харин Монгол Улсын хувьд 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-г байгуулж, 1992 онд Будапешт хотноо болсон AIPS-ийн 55 дугаар их хурлаар гишүүнээр элссэн билээ. Өдгөө Монголын спортын сэтгүүлчдийн холбоо эгнээндээ 100 гаруй сэтгүүлчдийг багтааж тив, дэлхий, олимпын их наадмын сурвалжлан хүргэж байна. 

Манай улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монголын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байна. Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны гишүүний үнэмлэх нь олимп, ДАШТ, тивийн АШТ-ээс эхлээд олон улсын тэмцээн уралдааныг хилийн чанадад сурвалжлан монголчууддаа дамжуулан хүргэхэд тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чухал баримт бичиг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн