Индонез улс зарим авто замаа сөнөөгч онгоц буух, хөөрөх зурвас болгоно

Индонез улс зарим авто замаа онцгой байдлын үед сөнөөгч онгоц бууж, хөөрөх зурвас болгохоор төлөвлөж байна. Тус улсын 38 муж болгонд дор хаяж нэг ийм зурвас гаргана гэж найдаж буйгаа Индонезийн агаарын хүчний штабын дарга Маршал Тонни Харжоно хэлэв. Гэхдээ тодорхой хугацаа одоогоор заагаагүй байна. Харин Батлан хамгаалахын дэд сайд Донни Эрмаван Тауфанто “Энэхүү амжилт нь бүх нийтийн батлан ​​​​хамгаалах системийг бэхжүүлэхэд чухал алхам болж байна” гэжээ.

Лхагва гаригт болсон үзүүлэх сургуулилалтын үеэр Индонезийн агаарын хүчний “F-16” сөнөөгч болон “Super Tucano” довтолгооны нисэх онгоцууд Лампун муж дахь авто замаас амжилттай хөөрч, газарджээ. Лампун муж нь Суматра арлын өмнөд хэсэгт байрладаг.

Хурдны замыг цэргийн онгоцны хөөрөх, буух зурвас болгон ашиглах нь цоо шинэ санаа биш. АНУ, Финланд, Швед улсууд энэ санааг хэдийнэ ашигласан.

АНУ Хятадтай мөргөлдөөн гарсан тохиолдолд гэж тооцож Номхон далайн арлуудад сөнөөгч онгоцуудаа тарааж байрлуулах стратеги баримталдаг. Индонезийн хувьд хэдийгээр Өмнөд Хятадын тэнгист Хятадтай маргаантай байдаг ч гэлээ авто замаа хөөрөх зурвас болгох шинэ төлөвлөгөөгөөрөө аль нэг улсыг онилоогүй бололтой.

Авто замуудыг сөнөөгч онгоцны хөөрөх, буух зурвас болгох нь аливаа аюул заналхийллийн үед бэлэн байдлыг хангах ч гэлээ тухайн авто замын тээврийн дэд бүтэц гэх үндсэн үүргийг сааруулахгүй аж. Үүний зэрэгцээ энэ нь өртөг хэмнэсэн арга болохыг шинжээчид хэлж байна.

Индонез улс бол дэлхийн хамгийн том олтриг. Өөрөөр хэлбэл, тус улс зүүнээс баруун чиглэлд 5000 км зайд сунаж тогтсон 6000 гаруй аралтай.

Ийм их газар нутгийг нисэх онгоц тээгч хөлгөөр хамгаална гэдэг бараг боломжгүй. Индонезийн тэнгисийн цэргийн хүчинд нисэх онгоц тээгч хөлөг угаасаа байхгүй бөгөөд үүнийг олж авах, засвар үйлчилгээ хийхэд хэтэрхий үнэтэй. Нисэх онгоц тээгч хөлөг тэрбум тэрбум ам.долларын үнэтэй. Үүний зэрэгцээ нисэх онгоц тээгч хөлгийг нэг бөмбөгдвөл юу ч үгүй үлдэх магадлалтай юм. Тэгэхээр улс даяар олон авто замыг хөөрөх зурвас болгож ашиглах нь илүү алдагдал багатай хувилбар ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн