“Европын орнууд Оросоос юу хүсэх вэ гэдэг дээр нэг ойлголттой болох ёстой”

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ Бямба гаригт /2026.02.14/ болох Мюнхены Аюулгүй байдлын бага хурлын үеэр Зеленскийтэй уулзана гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн бага хурлын үеэр дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс АНУ-ын Европ дахь хамгийн ойрын холбоотнуудыг хатуу ширүүн үгээр дайрч давшилж, цугласан олныг цочирдуулсан. Энэ жил Рубио дайрч давшлахгүй ч гэлээ үндсэн агуулгаа алдахгүй л байх бололтой. Тэрбээр Пүрэв гаригийн орой замдаа гарахынхаа өмнө Европ бол Америкийн хувьд чухал холбоотон гэж хэлжээ. “Бид Европтой салшгүй холбоотой. Бид геополитикийн шинэ эрин үед амьдарч байна. Энэ нь биднээс харж буй зүйлээ дахин нягтлахыг шаардаж байна” гэж Рубио хэлсэн байна.

Мюнхены Аюулгүй байдлын бага хурлын хэлэлцэх гол сэдэв нь мэдээж Украин дахь дайн байх болно. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын ерөнхийлөгчтэй хэлэлцээгээ дахин эхлүүлнэ гэж найдаж буйгаа хэлжээ. Гэхдээ яриа хэлэлцээ ойрын хугацаанд болохгүй, учир нь Европын орнууд эхлээд Оросоос юу хүсэх вэ гэдэг дээр нэгдсэн нэг ойлголттой болох ёстой гэж үзэж байна. “Энэ бол хэдэн өдөрт шийдэгдчих асуудал биш. Бэлтгэл ажлууд бий” гэж Макрон хэлжээ.

Дашрамд дурдахад, ОХУ Пүрэв гаригийн шөнө Украин руу баллистик пуужин, нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өгчээ. Энэхүү цохилт Украины эрчим хүчний системийг онилсон бөгөөд нийслэл болон бусад хотод олон мянган хүн тог, цахилгаангүй, усгүй болов. Зөвхөн Киевт л гэхэд 3500 орон сууц халаалтгүй болжээ.

Мөн Одесса хот 24 цаг хүрэхгүй хугацаанд хоёр ч удаа цохилтод өртөв. Хоёр дахь удаагийн цохилтоор орон сууц, аж үйлдвэрийн байгууламжууд, эрчим хүчний дэд бүтцүүд сүйдэж, тог, ус, халаалт тасарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн