Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний салбар байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх эл өдөрлөгөөр Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж болон цахим шилжилт, бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарч, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц есөн хуулийн төсөл боловсруулснаас зургааг нь УИХ-д өргөн мэдүүлжээ.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд дээрх хууль, эрх зүйн шинэчлэлийн зорилго, ач холбогдол, нийгмийн хүлээлт, хэрэгцээ шаардлагыг тайлбарлан таниулахаас гадна олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал,
-Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголт, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах зэрэг үйлчилгээг цахим программ ашиглан үзүүлнэ.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон түүний харьяа есөн дүүргийн газар хэлтсүүд үзүүлэн ажиллаж байна.
-Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, зуслангуудын талаарх мэдээллийг авч, хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцаарай.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулж, хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэргээн засах үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх захиалга авах үйлчилгээг нэг дор үзүүлж байна.
Өдөрлөг маргааш 17:00 цагт хүртэл үргэлжилнэ.






Гэрэл зургийг Г.Мөнх-Од