ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 26 /Reuters/. Баруун Европын ихэнх хэсгийг хамарсан аагим халууны улмаас Их Британи, Швейцарт зургаадугаар сарын температурын дээд үзүүлэлт пүрэв гарагт шинэчлэгдлээ. Хэт халалтын улмаас олон арван хүн амиа алдаж, эрчим хүчний хангамж доголдож, сургууль, соёлын дурсгалт газрууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Франц, Британийн эрх баригчид иргэдийг халуунаас сэргийлэхийн тулд өдөр тутмын хэвшлээ өөрчлөхийг анхааруулсан байна. Парис хотын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан баасан гаргийн үдээс хойш олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж хотын цагдаагийн газрын дарга мэдэгджээ.
Лхагва гарагт Францын нийслэл Парис хотод 40.9 хэм хүрч халж, зургаадугаар сарын дээд үзүүлэлтийг эвдсэн бол пүрэв гарагт хэт халалт үргэлжилсэн байна.
Их Британийн Цаг уурын албаны мэдээлснээр, пүрэв гарагт Английн баруун өмнөд хэсэгт агаарын температур 36.7 хэмд хүрсэн нь өмнөх өдөр бүртгэгдсэн дээд хэмжээг давж, тус улсын түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сарын өдөр болжээ.
Швейцарт зургаадугаар сард анх удаа 37 хэмээс давж, Герман, Францтай хил залгаа Базель хотод 38 хэм хүрч халсан байна.
Францад хэт халж эхэлснээс хойш хүмүүс сэрүүцэхээр усанд орохдоо живж амиа алдсан хүний тоо 48-д хүрсэн байна. Түүнчлэн машин дотор бүгчимдсэний улмаас гурван хүүхэд амиа алдсан харамсалтай тохиолдол хоёр өөр газарт бүртгэгджээ.
Германы Аврагчдын холбооноос мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хойш тус улсад усанд осолдсоны улмаас 20 гаруй хүн амиа алдсан байна.