13А маягтыг сэргээгээгүй, ихэнх тусламж үйлчилгээг шууд авна

Сүүлийн өдрүүдэд амбулаторийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор “13А маягтыг буцаан сэргээсэн”, “Лавлагаа шатлалын эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй болсон” гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тайлбар гаргажээ.

ЭМДЕГ-аас мэдээлснээр 2023 онд хүчингүй болсон 13А маягтыг сэргээгээгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу, цахим шилжүүлгээр зохицуулах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна. Шинэ журмаар иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлгээс амбулаторийн үзлэг, цогц тусламж үйлчилгээг жилдээ хоёр дахь удаагаа авах бол өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс цахим шилжүүлэгтэй бол үнэ төлбөргүй, байхгүй бол 20 мянган төгрөг төлнө.

Харин дараах тусламж, үйлчилгээнд цахим шилжүүлэг шаардахгүй, иргэд урьдын адил шууд эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авах боломжтой аж. Үүнд:

-Хавдрын тусламж, үйлчилгээ;

-Халдварт өвчний тусламж, үйлчилгээ;

-Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ;

-Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ;

-Осол гэмтлийн тусламж, үйлчилгээ;

-Арьс, харшлын тусламж, үйлчилгээ;

-Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ;

-Нүдний тусламж, үйлчилгээ;

-Мэс заслын тусламж, үйлчилгээ;

-Диализын тусламж, үйлчилгээ;

-Уламжлалт анагаах ухаан;

-Сэргээн засах тусламж, үйлчилгээ;

-Архаг өвчний хяналтын үзлэг;

-Мэс заслын хяналтын үзлэг, боолт;

-Өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламж зэрэгт илгээх цахим шилжүүлэг шаардахгүй байхаар зохицуулсан байна.

Уг зохицуулалт нь иргэдийн эмнэлэг сонгох эрхийг хязгаарлах бус анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, иргэдийг зөв шатлалын дагуу эмчлүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулж, хамгийн их хэрэгцээтэй иргэдэд тусламжийг илүү хүртээмжтэй хүргэх зорилготой ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн