СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 26 /Kyodo/. Европ тивд агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч халж байгаа энэ үед Өмнөд Солонгосын “Samsung Electronics”, Хятадын “Midea”, Японы “Mitsubishi Electric” зэрэг Азийн агааржуулагч үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс өсөж байна.
Азийн томоохон хотуудад барилга байгууламж, нийтийн тээвэр, орон сууцанд агааржуулагч ашиглах нь өдөр тутмын хэрэглээ байдаг бол Европт энэ нь харьцангуй ховор хэрэглээ юм. Хэт халалтын улмаас хүний амь нас эрсдэж, цахилгаан хангамж тасалдаж, сургуулиудын үйл ажиллагаа зогсоод буй Европ тивд хүмүүс сэрүүцэх аргаа хайсаар байна.
Зарим улс оронд халууны эрч улам нэмэгдэж болзошгүйг анхааруулж байгаа тул Европын иргэд, компаниуд аагим халуунаас сэрүүцэхийн тулд зөөврийн болон суурин агааржуулагчийг олноор нь худалдан авч байгаа аж.
“Зургаадугаар сараас хойш агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул агааржуулагчийн эрэлт оргил үе дуустал тогтвортой их байна гэж бид таамаглаж байна” гэж “Samsung Electronics” компани мэдэгджээ. Мөн Итали, Испани, Франц зэрэг гол зах зээлүүд дэх агааржуулагчийн борлуулалтынх нь хэмжээ энэ оны эхний хагаст хоёр оронтой тоогоор өссөнийг мэдээлсэн байна.
Хятадын “Midea” компанийн хувьд ч мөн адил нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд “PortaSplit” загварын агааржуулагчийнх нь эрэлт огцом нэмэгджээ. Уг загварынх нь захиалга маш их байгаа тул хуучин агааржуулагчийн үнэ шинээсээ давсан тохиолдол гарч байгаа аж.
Европ тивийн дулаарал дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин хурдан явагдаж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус тивд агааржуулагчийн эрэлт эрс нэмэгдэж байгааг Японы “Mitsubishi Electric” компани мөн мэдэгджээ.
Тус компаниас мэдээлснээр “Европын орнуудад, ялангуяа Франц, Испани, Их Британи, Герман зэрэг хэт халж байгаа улсуудад агааржуулагчийн борлуулалт маш өндөр байгаа аж”.