Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Бид харамсалтай үйл явдлаас урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын оролцоо маш их. Нийслэлээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, холбогдох байгууллагуудтай хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд барьсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм. Энэ нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлоготоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ” хэмээн ярьжээ.
Нийслэлээс нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Энэхүү ажилд хамтрах урилгаа аж ахуйн нэгжүүдэд илгээж, түрүүчээсээ саналаа ирүүлж байгаа аж. Хэрвээ уг ажлыг эхлүүлбэл 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэйг уулзалтын үеэр хотын дарга онцоллоо.
