Жонгүгийн Seven дуу Spotify-д 3 тэрбум гаруй удаа тоглогджээ

СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 24 /Kazinform/. “BTS” хамтлагийн гишүүн Жонгүгийн бие даасан уран бүтээл болох “Seven” дуу “Spotify” платформд 3 тэрбум гаруй удаа тоглуулагдсанаар тэрбээр нэг дуугаараа ийм амжилтад хүрсэн Өмнөд Солонгосын анхны уран бүтээлч болсон тухай түүний харьяалагддаг “BigHit Music” агентлаг мягмар гарагт мэдэгджээ.


Энэхүү дуу мөн 2023 онд дэлхий даяар олны хүртээл болсон дуунуудаас дээрх амжилтад хүрсэн цорын ганц уран бүтээл болсон байна. 


Хайртай хүнтэйгээ өдөр бүрийг хамт өнгөрүүлэхийг хүсэж буйг өгүүлсэн “Seven” дууны чихэнд хоногшим аялгууг акустик гитарын дулаан дуугаралт болон 1990-ээд оны эхээр Их Британид үүссэн электрон хөгжмийн нэгэн төрөо болох “UK garage” хэмнэлтэй хослуулжээ.

Уг дууны клипийг “YouTube” сүлжээнд үзсэн хандалтын тоо өнгөрсөн дөрөвдүгээр сард 600 саяыг давсан билээ.

“Seven” дуу нь цацагдсан цагаасаа эхлэн дэлхий даяар амжилт олж, АНУ-ын шилдэг дууны “Billboard Hot 100” жагсаалтад шууд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Британийн “Official Singles Chart Top 100” жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.

Жонгүгийн харьяалагддаг К-попын супер хамтлаг болох “BTS” түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй гэгдэж буй “Ариранг” аялан тоглолтоо хийж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн