Улаанбаатар //. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямааг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа.
Элчин сайд энэ үеэр гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, улс орны хөгжил дэвшилд оролцоог нь нэмэгдүүлэх, тэдгээрийн үүсгэл санаачилгаар бий болсон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, эх орноо сурталчлах, монгол уламжлал, хэл соёлоо хадгалахад хамтран ажиллах нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилт болохыг онцлоод, Итали дахь монгол иргэд, холбоодын санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд ЭСЯ, Монгол-Италийн нийгэмлэгтэй хамтран хоёр орны аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан солилцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо сурталчлан таниулахад чиглэсэн ажлыг зохион байгуулахаар санал солилцов.
Л.Нямаа нь 30 гаруй жилийн турш Монгол, Италийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд тууштай ажиллаж ирсэн бөгөөд Италийн алдарт аялагч Плано Карпинигийн “Монголчуудын түүх” номыг итали хэлнээс монгол хэл рүү орчуулж, анхны “Итали-Монгол, Монгол-Итали толь бичиг”-ийг зохион хэвлүүлсэн байна.
Монгол-Италийн нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Итали Улсад соёл, урлагийн өдөрлөг зохион байгуулах, Перужа хотын Гадаад оюутны Их сургуультай боловсролын чиглэлээр хамтран ажиллахаас гадна 2000 оноос сар шинийн баяр Цагаан сарыг тэмдэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.