Олон улсын Олимпын өдөр тохиож байна

Жил бүрийн зургаадугаар сарын 23-ны өдрийг Олон улсын Олимпын өдөр болгон дэлхий даяар өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү түүхэн өдөр нь 1894 оны энэ өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулж, орчин үеийн олимпизмын хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой юм. Монгол Улсын хувьд энэ өдрийг угтан Монголын үндэсний олимпын хорооноос санаачлан нийтийг хамарсан спорт, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилсан нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулж хэвшсэн байдаг. Энэ өдрийн гол зорилго нь хүн бүрийг, ялангуяа хүүхэд залуусыг спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд уриалахад оршиж байгаа юм.

Тэгвэл энэ жил “Олимпын өдөр-Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 08:30-11:30 цагт зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хөгжөөнт гүйлт, дугуйн тэмцээн, тамирчдын чөлөөт уулзалт, спорт холбоодын үзүүлэх тоглолт, спортын танилцуулга зэргийг явуулахаар төлөвлөжээ. Тус өдөрлөг олимпизмын үнэт зүйлс болох нөхөрлөл, хүндлэл, шилдэг чанарт тэмүүлэх үзлийг хамтдаа түгээж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой.

Монголын үндэсний олимпын хороог 1956 онд байгуулж, 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн түүхтэй. ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болсон монголчууд 1964 оноос анхлан “Инсбрук-1964” өвлийн олимп, “Токио-1964” зуны олимпын наадамд оролцож эхэлсэн. Өдгөөг хүртэл өвөл, зуны олимпын наадамд Монголын баг 30 удаа оролцохдоо хоёр алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн