Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 22 //. Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.15-2026.06.21)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 7.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Инновэйшн инвестмент ХК, Хаан банк ХК, Худалдаа Хөгжлийн банк, Монголын хөрөнгийн бирж ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нэг удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:
- Инновэйшн инвестмент ХК-ийн (QPAY) 2.4 ширхэг сая үнэт цаас нэгжийн 271 төгрөгөөр буюу нийт 650.4 сая төгрөгөөр арилжаалагджээ.

Өнгөрсөн арилжааны өдөр Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 0.09%-иар буурч 51,371.42 нэгжид хүрсэн нь томоохон үнэлгээтэй хувьцаануудад ашиг авалт ажиглагдсаныг илтгэж байна. Харин MSE A индекс 0.48%-иар, MSE B индекс 0.11%-иар өссөн нь дунд болон жижиг үнэлгээтэй хувьцаануудад худалдан авах сонирхол хадгалагдаж байгааг харууллаа. Мөн FTI индекс 1.28%-иар өсөж 1,057.61 нэгжид хүрсэн нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ эерэг хөдөлгөөнтэй байсныг илэрхийлэв.
Зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчид томоохон хувьцаануудаас илүү сонгомол байдлаар дунд болон жижиг үнэлгээтэй компаниуд, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө шилжүүлж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Нийтдээ индексүүдийн гүйцэтгэл зах зээлд өргөн хүрээний борлуулалт бус, харин салбар болон бүтээгдэхүүн хоорондын эргэлт давамгайлсан, харьцангуй тогтвортой орчин үргэлжилж байгааг илтгэж байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 2.4 ДАХИН ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээллээр 2026 оны эхний таван сарын байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 797.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 465.1 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн байна. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч нь анхдагч зах зээлийн санхүүжилт байсан бөгөөд нийт гүйлгээний 70 орчим хувийг бүрдүүлжээ.
Гол үзүүлэлтүүд:
- Нийт үнэт цаасны гүйлгээ: 797.5 тэрбум төгрөг (+465.1 тэрбум төгрөг, 2.4 дахин)
- Анхдагч зах зээлийн гүйлгээ: 551.6 тэрбум төгрөг (нийт гүйлгээний 69.2%)
- Хоёрдогч зах зээлийн гүйлгээ: 245.9 тэрбум төгрөг (+0.3%)
- ТОП-20 индекс: 50,866.82 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 1,293.4 нэгжээр өсөв
Нийт гүйлгээний бүтцийг харахад компанийн бонд 54.7%-ийг эзэлж хамгийн өндөр жинтэй хэвээр байгаа бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16.3%, компанийн хувьцаа 15.2%, Засгийн газрын бонд 13.6%-ийг тус тус бүрдүүлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үзэж, компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилт татах идэвх өндөр байгааг илтгэж байна.

Харин арилжсан үнэт цаасны тоо 235.4 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 47.8%-иар буурсан байна. Үүнээс хоёрдогч зах зээл дээр арилжигдсан үнэт цаасны хэмжээ мөн 48.6%-иар буурсан нь гүйлгээний өсөлт нь арилжааны идэвхээс илүү өндөр дүнтэй анхдагч санхүүжилтээр дэмжигдэж байгааг харуулж байна. Мөн 2026 оны 5 дугаар сарын байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.1%-иар өссөн бөгөөд ТОП-20 индекс өмнөх сараас 149.5 нэгжээр нэмэгдсэн нь томоохон хувьцаануудын үнэлгээ тогтвортой өсөлттэй байгааг илэрхийлжээ.
Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл гүйлгээний өсөлт нь хөрөнгийн зах зээлээр дамжих санхүүжилтийн үүрэг нэмэгдэж байгааг харуулж байгаа ч өсөлтийн ихэнх хэсгийг анхдагч зах зээл бүрдүүлж байна. Харин хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвх сул хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх, зах зээлийн гүнзгийрлийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байгааг илтгэж байна.
ТӨГРӨГИЙН ХАНШ ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРТОЙ Ч ГОЛЛОХ ВАЛЮТУУДЫН ЭСРЭГ СУЛАРЧЭЭ
Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны мэдээллээр 2026 оны 5 дугаар сарын байдлаар төгрөгийн голлох гадаад валютуудтай харьцах ханшид бага хэмжээний өөрчлөлт ажиглагдсан байна. Ам.долларын дундаж ханш 3,576.06 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.30 төгрөгөөр, өмнөх сараас 2.55 төгрөгөөр суларсан бол юань, рублийн эсрэг мөн сулрал үргэлжилжээ. Харин еврогийн ханш өмнөх сараас бага зэрэг чангарсан үзүүлэлттэй гарсан байна.
Гол үзүүлэлтүүд:
- Ам.доллар: 1 USD = 3,576.06 төгрөг (өмнөх оны мөн үеэс -3.30 төгрөг, өмнөх сараас -2.55 төгрөг)
- Евро: 1 EUR = 4,175.46 төгрөг (өмнөх оны мөн үеэс -144.29 төгрөг, өмнөх сараас +1.35 төгрөгөөр чангарсан)
- Юань: 1 CNY = 525.91 төгрөг (өмнөх оны мөн үеэс -30.82 төгрөг, өмнөх сараас -3.40 төгрөг)
- Рубль: 1 RUB = 48.97 төгрөг (өмнөх оны мөн үеэс -4.65 төгрөг, өмнөх сараас -2.38 төгрөг)
Ханшийн хөдөлгөөнөөс харахад төгрөгийн сулрал үргэлжилж байгаа ч өөрчлөлтийн хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Энэ нь гадаад валютын зах зээлд огцом савлагаа үүсээгүй, ханш тогтвортой түвшинд хадгалагдаж байгааг илтгэж байна.
Нөгөө талаас, валютын ханшийн өөрчлөлт нь импортын зардал, бизнесийн гадаад төлбөр тооцоо болон өрхийн хэрэглээнд шууд нөлөөлөх хүчин зүйл хэвээр байна. Ялангуяа юань болон ам.долларын эсрэг төгрөг сулрах нь импортын барааны өртөгт дарамт үүсгэх боломжтой бол еврогийн ханш өмнөх сараас бага зэрэг чангарсан нь Европын зах зээлтэй холбоотой төлбөр тооцоонд эерэг нөлөө үзүүлж болох юм.
Одоогийн байдлаар ханшийн хөдөлгөөн тогтвортой байгаа ч цаашдын төлөв нь экспортын орлого, гадаад валютын урсгал болон олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах төлөвтэй байна.
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 67-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2026”-д Монгол Улс 39.02 оноотойгоор 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онд Монгол Улс 69 улсаас 65-д бичигдэж байсан бөгөөд энэ жилийн тайланд эрэмбэ хоёр байраар ухарсан байна.
Гол үзүүлэлтүүд:
- Монгол Улс 39.02 оноотойгоор 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдэв.
- Эдийн засгийн тамир тэнхээ болон засаглалын үр ашиг үзүүлэлтүүд буурсан бол бизнесийн үр ашиг сайжирчээ.
- Инфляц, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжийг өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлээр нэрлэв.
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт болон боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь Монголын харьцангуй давуу тал хэвээр байна.
Тайланд Монгол Улсын эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар сул, үйлчилгээний экспортын өрсөлдөх чадвар хангалтгүй байгааг онцолжээ. Мөн инфляцын өндөр түвшин, өрийн дарамт, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, ложистик болон дэд бүтцийн хязгаарлалт нь бизнесийн орчинд гол сорилт болж байгааг дурдсан байна.
Нөгөө талаас боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажиллах хүч болон хүн амын өсөлт сайжирч байгаа нь урт хугацааны эерэг хүчин зүйл гэж үнэлэгджээ. Мөн ДНБ-д эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт нь олон улсын хэмжээнд харьцангуй сайн түвшинд хэвээр байна.
Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл өрсөлдөх чадварын үнэлгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын бизнесийн орчин, институцийн чанар болон эдийн засгийн тогтвортой байдлыг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Бизнесийн үр ашгийн үзүүлэлт сайжирсан нь хувийн хэвшлийн идэвх сэргэж байгааг харуулж байгаа ч инфляц, бодлогын тогтворгүй байдал болон дэд бүтцийн сул хөгжил зэрэг асуудлууд урт хугацааны хөрөнгө оруулалтын урсгалд тодорхой сорилт хэвээр байна.
