Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлав.

МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажил, гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар НИТХ-аас тогтоол баталлаа.

Хуралдааны үеэр хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх  хүрээнд төсвийг тодотгож байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас нэмж тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотой үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” хэмээлээ.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй ажлын төсвийг татсантай холбоотойгоор зарим төлөөлөгч цаашид сонгон шалгаруулалтын журам үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн