Украины ерөнхийлөгч Зеленский дэлхийн хоёрдугаар дайны үеийн маргаантай тэмцэгчдийн нэрээр цэргийн ангиа нэрлэсэн нь буруудаж, Польшийн төрийн хамгийн дээд шагнал болох “Цагаан бүргэд” одонгоо хураалгасан билээ. Үүний дараа Украины дээд албан тушаалтнууд Польшоос авсан шагналаа буцааж эхлэв. Үүнд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирило Буданов, Варшав дахь Украины Элчин сайд Васыл Боднар, Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха нар багтаж байна.
Кирило Буданов хэлэхдээ “Манай хоёр улс урт удаан харилцаатай, өөр өөрийн түүхтэй. Баатарлаг түүх ч бий, эмгэнэлт түүх ч бий. Гэсэн ч үүнийг улс төрийн бүдүүн баараг таамаглал дэвшүүлэх шалтаг биш, гүнзгий эргэцүүлэн бодууштай зүйл гэж үзэх учиртай. Энэ бол манай ард түмний эсрэг нөхөрсөг бус үйлдэл, Москвагийн түрэмгийлэгчдэд өгч буй бэлэг. Тэд үүнийг бидний эсрэг ашиглах нь ойлгомжтой” гэсэн юм.
Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха энэ шийдвэрийг стратегийн алдаа гэсэн бол Васыл Боднар “Украинчууд Оросын дайралтыг няцааж байгаа энэ үед Польшийн шийдвэр сэтгэл эмзэглэм байлаа” гэжээ.
Эргэн сануулахад, Зеленский тавдугаар сарын 26-нд тушаал гаргаж Украины цэргийн ангийг “Ukrainian Insurgent Army” буюу Украины босогчдын армийн нэрээр нэрлэсэн нь польшуудын дургүйцлийг төрүүлсэн. Улмаар Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки зургадугаар сарын 19-ний өдөр түүний шагналыг хураах шийдвэрээ зарлажээ. “Цагаан бүргэд” одонг 2023 онд тухайн үеийн ерөнхийлөгч Анджей Дуда Зеленскийд гардуулан өгч байв.
Харин Польшийн ерөнхий сайд Дональд Туск асуудлыг тайван замаар шийдэхийг талуудад уриалжээ. Тэрбээр “Польш, Украин хоёрын сөргөлдөөн Путиныг баярлуулж, холбоотнуудыг цочирдуулна” гэсэн юм. Дональд Тускын хувьд Польшийн ерөнхийлөгч Навроцкийн улс төрийн өрсөлдөгч гэгддэг.
Дашрамд дурдахад, Украины босогчдын арми нь 1940-1950-иад онд оршин тогтнож байсан. Тус армийг украинчууд Зөвлөлтийн Улаан арми, Нацист Герман болон Польшийн эсрэг тэмцэж, тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэсэн баатрууд гэж үздэг.
Харин польшууд тус армийг 1943-1945 онд Волынь мужид (одоогийн Украины Волинь муж) польш үндэстэн ястнуудын эсрэг геноцид үйлдсэн гэж буруутгадаг. Польшуудын хувьд тус арми нь иргэдийн эсрэг үйлдсэн харгис гэмт хэргүүдийн хариуцлагыг үүрэх байгууллага хэвээр байгаа юм.