КИЕВ, 2026 оны зургаадугаар сарын 19 /Reuters/. Украин, Герман улсууд баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах чадавхыг бэхжүүлэх тухай хэлэлцээрт зурсан тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр Өрнөдийн бусад холбоотнуудаа энэхүү санаачилгад нэгдэж, ирэх өвөл гэхэд бодит үр дүнд хүрэхийг уриалсан байна.
Украины батлан хамгаалах асуудлаар холбоо барих бүлэг буюу “Рамштейны бүлэг”-ийн уулзалтад үг хэлэхдээ В.Зеленский, тус улсад холын тусгалт их буу болон нисгэгчгүй төхөөрөмж нэн шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн Украины Зэвсэгт хүчнийг урт хугацаанд дэмжих нэмэлт санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.
“Оросын баллистик пуужингууд ноцтой аюул учруулсан хэвээр байгаа бөгөөд бид энэ асуудалд хариу болохуйц шийдлийг олох шаардлагатай байна” гэж тэрбээр хэлжээ.
“Баллистик пуужингийн довтолгоог эсэргүүцэн хамгаалах бидний хамтын ажиллагаа ирэх өвөл гэхэд бодит үр дүнд хүрсэн байх ёстой. Энэ бол Украинд төдийгүй бид бүгдэд хэрэгтэй урт хугацааны хүчин чармайлт юм” хэмээн тэрбээр дурдсан байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, хоёр улс баллистик пуужингаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ фронтын тэргүүн шугамд 300 кг хүртэлх жинтэй сум, галт хэрэгсэл, техник хэрэгсэл, ус тээвэрлэх хүчин чадалтай “TerMIT” загварын нисгэгчгүй төхөөрөмжийг хамтран үйлдвэрлэхээр тохиролцжээ.
Уг төхөөрөмжийг Германд үйлдвэрлэх бөгөөд хэд хэдэн компани төслийг хэрэгжүүлэхэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлснийг тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдсэн байна.
Түүнчлэн Украины пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг болох “Fire Point” энэхүү хамтын ажиллагааны төсөлд оролцоно гэдгийг В.Зеленский онцолжээ.