ОХУ Украинд халдан довтолсноос хойш бүс нутгийн ихэнх улстай харилцаа тасарсан. Одоо Европын орнууд Кремльтэй яриа хэлэлцээгээ сэргээх эсэхээ дор бүрнээ шийдэх ёстой гэж НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн Марк Рутте хэллээ. Тэрбээр “Холбоотнуудад зөвлөх нь миний үүрэг биш. Гэхдээ бүх холбоотонд боломж нээлттэй. Францын хийж байгаа зүйлийг бусад нь ч хийж болно. Тэд бусад холбоотонтой нягт холбоотой ажилладаг. Энэ аймшигтай дайныг аль болох хурдан дуусгах санаачлага бүрийг би дэмжинэ” гэжээ.
Мөн “АНУ-ын манлайлал хамгийн чухал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Мөс хагалж буй хүн бол АНУ-ын ерөнхийлөгч” гэж Трампыг магтжээ.
Оростой яриа хэлэлцээгээ сэргээх эсэх дээр Европын орнууд нэг шийдэлд хүрч чадахгүй байна. АНУ-ын санаачилсан энхийн хэлэлцээний замаар явбал Европын эрх ашиг орхигдох магадлалтай гэж зарим улс санаа зовж буй. Мөн Украинд халдсаныхаа төлөө ОХУ дипломат тусгаарлалтад орох ёстой, яриа хэлэлцээг сэргээж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай улс ч бий.
Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт ОХУ-тай яриа хэлэлцээгээ техникийн түвшинд эргэн сэргээж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд тэрбээр гадаад бодлогын ахлах албан тушаалтнаа Москвад илгээсэн. Гэвч “Францын төлөөлөгч болон Кремлийн гадаад бодлогын тэргүүн Юрий Ушаков нарын уулзалт ОХУ яг одоогоор энх тайвныг хүсэхгүй байна гэсэн ойлголтыг өгсөн” гэж Макрон хэлжээ.
Европын удирдагчид Оростой шууд харилцахаас татгалзаж байгаа бөгөөд оронд нь АНУ-тай хэлэлцэхийг илүүд үзэж байна. Ингэснээр АНУ тэдний ашиг сонирхлыг яриа хэлэлцээндээ тусгах магадлалтай юм.