Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөөдөр /2026.02.11/ Цагаан ордонд айлчилж байна. Ойрхи Дорнод даяар хурцадмал байдал даамжирч, Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ үргэлжилж буй энэ үед тэрбээр Трампад шахалт үзүүлэх төлөвтэй байна. Тодруулбал, Ираны уран баяжуулалтыг зогсоох хэлэлцээгээ үргэлжлүүлэх, Хамас, Хезболла зэрэг сүлжээ бүлгүүдийг дэмжихээ болих гэсэн хүсэлтийг тэр Трампад тавих бололтой.
Барууны орнууд хориг арга хэмжээгээ зогсоохгүй л бол бид уран баяжуулалтаа хязгаарлахгүй гэж Иран мэдэгдсэн билээ.
Нетаньяху Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш зургаа дахь удаагаа АНУ-д айлчилж байна. Өөр аль ч улсын удирдагч ийм амжилт одоогоор тогтоогоогүй байна. Трампын ойрын холбоотон тэрбээр Ираныг Израилийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгадаг. Мөн бүс нутаг дахь Ираны нөлөөг дарангуйлахыг АНУ-аас хүссээр ирсэн.
Хэрвээ АНУ, Иран хоёр цөмийн хэлэлцээрт хүрч чадахгүй бол Израиль улс Ираны эсрэг цэргийн арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв. Трамптай холбоо хамаарал сайтай байдгаа ашиглаад хэлэлцээнд шахалт үзүүл гэж холбоотнууд ч Израилиас шаардсаар байна.
Дашрамд дурдахад, Дональд Трамп Ойрхи Дорнод руу агаар, тэнгисийн хүчнээ илгээгээд буй. Тэрбээр ойрын хугацаанд дахин нисэх онгоц тээгч хөлгөө бүс нутаг руу илгээх бодолтой байгаагаа өчигдөр /2026.02.10/ мэдэгдэв.