Монгол Улсын Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж буй. Үүнд дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн суурь, эдийн засгийн тулгуур болсон эрчим хүчний асуудал багтаж буй. Ерөнхий сайдын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр захирамжаар Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санал дүгнэлт, төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн Геологи, уул уурхайн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж буй. Ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болж, “Оюу толгой” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийн талаарх танилцуулгыг сонслоо.

Геологи, уул уурхайн асуудал хариуцсан Дэд ажлын удирдамжид:
5.1. Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд:
5.1.2.“Оюу Толгой” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”- ний хүрээнд уялдуулж, санал дүгнэлт боловсруулах гэж тусгасан.
Үүнтэй холбоотой энэ сарын 04-нд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит 65 дугаар хурлаар “Оюу Толгойн сэргээгдэх эрчим хүчний төсөл – Сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай” асуудлыг хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөсөн боловч хойшилж энэ сарын 18-нд хэлэлцэх урьдчилсан тов гарчээ.

Одоогийн байдлаар “Оюу Толгой” ХХК нь БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний компаниас импортын цахилгаан эрчим хүч авч байгаа. Сэргээгдэх эрчим хүчний төсөл нь 150 МВт-ын салхин цахилгаан станц, 50МВт батарей хуримтлуурын системтэй ба байршлын хувьд Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
