“Монгол Улс олон улсын музейн салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна”

Чингис хаан Үндэсний музейд Европ-Азийн улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд чуулах гэж буй талаар өнөөдөр /2026.06.12/мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн:

-Монгол Улсад анх удаа Европ, Азийн тивийн шилдэг музейнүүд хамтын ажиллагаа болон салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцэх энэхүү арга хэмжээг Чингис хаан Үндэсний музей санаачилсан. Бусад орны музейн удирдлагууд дэмжиж, үндэсний болон олон улсын музейнүүдтэй хамтран зочдоо хүлээн авахад бэлэн болоод байна. Энэхүү соёлын дипломат арга хэмжээний хүрээнд Монгол Улс олон улсын музейн салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна. Зөвхөн Чингис хаан Үндэсний музейд үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй, мөн бусад музейн сан хөмрөг, үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн Хархорум хотод тусгай үзэсгэлэн гаргаж, тэндхийн өвөрмөц музей, түүхэн өвтэй танилцах нөхцөлийг бүрдүүлээд байна.

ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн:

-Музей бол хүнийг бүх талаар хөгжүүлэх орон зай юм. Иргэдэд боловсрол, соёлын олон талын үр нөлөө үзүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр үе үеийн Засгийн газар, яамд тууштай ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр үр дүн нь бодитоор харагдаж байна. Тухайлбал, ковидын өмнөх буюу 2020 онд Монгол Улсад 36 музей үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр энэ тоо 40 гаруй болж өссөн. Музейн нийт талбай тухайн үед 18-20 мянган ам метр байсан бол одоогоор 48 мянган ам метр болж нэмэгдсэн. Энэ нь музейн хүртээмж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Хүний нөөцийн хувьд 2020 онд 634 ажилтан байсан бол өнөөдөр 810 болж өссөн. Музейн салбарт ажиллах сонирхолтой залуусын тоо ч нэмэгдэж байна.

Мөн 2020 онд музейгээр 689 мянга орчим хүн үйлчлүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 1.8 саяд хүрээд байна. 2021 онд батлагдсан Музейн тухай хуулиар хүүхдүүд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдсэн.

Музейн орлого 2019 онд хоёр орчим тэрбум төгрөг байсан бол 2026 онд 6.4 тэрбум төгрөгт хүрч өссөн. Цаашид музейн салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлж, олсон амжилтаа бататган, агуулга болон үйлчилгээний хэлбэрээ улам баяжуулах чиглэлд эрчимтэй ажиллана.

Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун “Энэ удаагийн Европ-Азийн форумд Европ, Азийн 20 гаруй орны 50 орчим музейн удирдлага оролцож байна.Олон улсын музейн зөвлөлөөс энэ жил ‘Хуваагдсан дэлхийг музей нэгтгэнэ’ гэсэн уриаг дэвшүүлсэн. Өнөөдөр хүн төрөлхтөн ойлголцлын зөрүү, мөргөлдөөн зэрэг олон сорилттой тулгарч байна. Харин улс үндэстэн, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлэхэд музей онцгой үүрэг гүйцэтгэдэг” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн