Амьдралд ойр аналог хэв маяг

FASHION

“NBA”-ын тоглогчид загварын тайзнаас илүү спорт зааланд хэн гэдгээ харуулах боломжтой. Гэсэн ч тэд загварын чиг хандлагыг тодорхойлсоор байдаг нь үнэн.

ЛеБрон Жэймс 2008 оны Бээжингийн олимпод оролцохдоо “Beats by Dre”-ийн чихэвчийг хүзүүгээрээ тохсон байсан нь тус брэндийн нэр хүндийг нэг шөнийн дотор өсгөсөн юм. Үүнээс хойш бараг 20 жил өнгөрлөө. Өнөөдөр Энтони Эдвардс, Стефен Карри зэрэг сагсан бөмбөгийн одод утастай чихэвч зүүсэн харагдах болов.

Ретро хэв маягийг эргүүлэн авчирч буй алдартнууд үүнээс цааш дахиад ч үргэлжлэнэ. Дрэйк, Лили Рөүс Депп, Харри Стайлс, Зендаяа нарын А зэрэглэлийн одод бүгдээрээ “Bluetooth” холболттой буюу утасгүй чихэвчнээс татгалзсан бололтой. Эмма Ватсон 2023 онд “Vogue” сэтгүүлийн “Миний цүнхэнд юу байгаа вэ?” цувралд оролцохдоо “Хуучин цагийг санагдуулдаг утастай чихэвчинд үнэхээр дуртай” гэж хэлж байв. Мөн Дуа Липа, Ариана Гранде нар өнгөрсөн жил утасгүй гял цал зүйлээс илүү утастай тоног төхөөрөмжид найддаг гэдгээ харуулжээ. “New York” сэтгүүл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаарынхаа нүүрэнд олон алдартай хосын зургийг нийтэлсэн. Тэдний дунд Бен Стиллер болон Карл-Энтони Таунс нар багтсан байв. Тэд утастай чихэвч зүүгээд метрогоор үйлчлүүлж буй байдалтай зураг авхуулснаар энэ трэндийг үргэлжлүүлжээ.

Инстаграмд “Wired It Girls” нэртэй хуудас байдаг. Тус хуудасны тайлбар хэсэгт “Халуухан охид утастай чихэвч хэрэглэдэг. Тэд бол амьдралд ойр трэндийг бий болгогчид” гэж бичсэн байх аж. 2021 онд Шелби Халл гэх бүсгүй тус хуудсыг нээсэн бөгөөд тэр цагаас хойш утастай чихэвчний эргэн ирэлтийн албан бус дуу хоолой болжээ.

Загвар өмсөгч Белла Хадид утастай чихэвчийг сонгосон тухай мэдээ “Vogue” сэтгүүлд анх гарч байсан. Шелби Халл үүнээс санаа авч инстаграм хаягаа хөгжүүлж эхэлжээ. Мэдээж түүний инстаграмын анхны постын эзэн Белла Хадид байв. Тэрбээр Белла Хадидын талаар “Тэр мэдээж ‘AirPods’ худалдаад авчих мөнгөтэй хүн. Гэсэн хэрнээ дандаа л утастай чихэвч зүүдэг. Ашигтай тал ч олон шүү. Догь харагдана, сүүлийн үеийн технологийг дагах гэж хөл алдахгүй. Белла Хадидад энэ бүхэн хамаагүй. Тийм учраас л надад энэ санаа таалагдсан юм” гэжээ.

Үнэтэй, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдэд тийм ч ач холбогдол өгөхгүй байх нь жирийн “It Girl” буюу трэнд тодорхойлогч охидоос таныг ялгах гол шинж тэмдэг.

Худалдан авах чадвараас хамаараад хүн бүхэн трэнд тодорхойлогч байж чаддаггүй. “Birkin” цүнх шиг хэдэн мянган ам.долларын үнэтэй зүйлийг хэн дуртай нь худалдаж авахгүй. Харин утастай чихэвчийг хэн ч гэсэн авах боломжтой.

Үнийн хувьд ярьвал, “Apple”-ын утастай чихэвч ойролцоогоор 25 ам.долларын үнэтэй байдаг бол хамгийн сүүлийн “AirPod”-ын үнэ 159 ам.доллараас эхэлнэ.

Хямд үнэ, алдартнуудын сурталчилгаа, “Charli XCX”-ээс санаа авсан хэв маяг, энэ бүхэн нийлээд утастай чихэвчийг жинхэнэ трэнд болгож эхлэв. Дээр дурдсанчлан тамирчид ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

“Wired It Girls”-ын нэгэн адил удахгүй “Wired It Boys” хэв маяг дэлгэрч магадгүй юм. Үүний нэг томоохон төлөөлөл бол Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Chicago Bears” багийн хагас хамгаалагч Калеб Виллиамс. Тоглолтынхоо өмнө утастай чихэвч зүүчихээд, мача ууж суугаа түүний дүр зураг шүтэн бишрэгчдэд нь хэдийнэ танил болсон.

“Pittsburgh Steelers”-ийн Бен Сковронек ч бас “wire guy” буюу утастай төхөөрөмжийн үнэнч хэрэглэгч гэдгээ ил тод сурталчидаг.

“NBA”-ын хувьд тоглолтын талбай руу гарахаас өмнө тамирчид юу өмссөн байгааг олон нийт сонирхон сонжих дуртай. Өнгөрсөн жилийн Нью-Йоркийн загварын долоо хоногт хэд хэдэн сагсчин оролцсоныг та бүхэн санаж байгаа болов уу. Инстаграм дахь “NBA Fashion Fits” хаягийн үүсгэн байгуулагч Чад Браун хэлэхдээ “Загвар, сагс хоёр гар гараасаа хөтлөлцөөд л байж байдаг юм. Энэ бол соёл. Тухайн үед ямар хувцас хэрэгсэл трэнд болж буйг та тоглолтын өмнө харах боломжтой байдаг” гэсэн юм. Түүний анзаарснаар, Крис Пол, Расселл Вэстбрук, Кави Леонард, Купер Флагг гээд утастай чихэвч хэрэглэгчдийн урт жагсаалт гарах аж.

“Future Marketing Insight”-ийн мэдээллээр, 2025 онд дэлхийн хэмжээнд чихэвчний нийт борлуулалтын 66 хувийг утасгүй чихэвч, 34 хувийг утастай чихэвч эзэлжээ.

Утастай чихэвч нь ретро хэв маяг гэхээс илүү олон давуу талтай. Мэдээж байн байн цэнэглэх шаардлагагүй. Үүний зэрэгцээ хакердах боломжгүй учир эмзэг, нууц ярианд илүү тохиромжтой.

Хамгийн гол нь утастай чихэвч “offline” буюу цахим ертөнцөөс хол амьдралын хэв маягийг илэрхийлнэ. Үүнийг өөрөөр аналог амьдралын хэв маяг ч гэж нэрлэдэг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн