Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө баталгаажуулав

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны 2026-2029 оны төлөвлөгөө”-г Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзах үеэрээ баталгаажууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг бодит ажил хэрэг болгоход идэвхийлэн ажиллахаа илэрхийлснийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжихөөс гадна Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдлаа. Энэ хуулийг баталснаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломжтой. Монгол Улс стандартын салбарыг хөгжүүлэхээр хууль, эрх зүйн орчныг шинэчилж байна. Хуульд стандарт нь цаг үеэ дагаад шинэчлэгдэн, зах зээлтэйгээ уялддаг, олон улсын жишигт нийцсэн байх зохицуулалт оруулж байгааг онцлов.

Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө баталгаажуулав

Мөн Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа учир хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, одоо зурж буй төлөвлөгөөг даруй ажил хэрэг болгох шаардлага байна гэжээ. 

Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэн, “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ийнхүү баталсан нь хоёр орны Төрийн тэргүүн нарын яриа хэлцлийг үр дүнд хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулж, стандартын тухай мэдээллийг харилцан судалж, цаг тухай бүрд солилцох, мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй”-г тодотгосон байна. 

Түүнчлэн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангаж, худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг шийдэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн