Хонконгийн тэрс үзэлтэн Жимми Лайд 20 жил хорих ял оноожээ

ХОНКОНГ, 2026 оны хоёрдугаар сарын 9 /BBC/. Хонконгийн сөрөг хүчний зүтгэлтэн, хэвлэлийн магнат, өдгөө 78 настай Жимми Лайд 20 жилийн хорих ял оноожээ.

Шүүх түүнийг Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна. Энэ удаагийн шүүх хурал нь уг хуультай холбоотой хамгийн анхаарал татсан шүүх хурал болсноос гадна Бээжингийн хийж буй өөрчлөлт хэрхэн урагштай явж байгаагийн бэлгэ тэмдэг боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. 

Хонконгийн шүүхээс даваа гарагт буюу өнөөдөр ял оноосноор таван жилийн турш үргэлжилсэн шүүх хурал дууслаа. 2025 оны 12 дугаар сард Жимми Лайг гурван зүйл ангиар буруутай гэж үзжээ. Тодруулбал, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хоёр зүйл ангиар буюу “гадаадын хүчин”-тэй хуйвалдсан хэрэг, нөгөө нь үймээн самуун дэгдээсэн материалыг нийтэлсэн хэрэг ажээ. Уг хоёр зүйл ангиар бүх насаар нь хорих ял онооно гэж хуульд заасан байна. 

Жимми Лай одоо хаагдсан ч өмнө нь ихээхэн нэр хүндтэй, олон уншигчтай байсан шар хэвлэл болох Apple Daily сониныг ашиглан гадаадын засгийн газруудын ашиг сонирхлыг лоббидож, Хонконг болон Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад нөлөөлөхийг оролдсон гэж шүүх үзжээ.

Жимми Лай Хятадын эх газарт төрсөн бөгөөд хүүхэд байхдаа Хонконг руу гарчээ. Түүнийг үндэсний аюулгүй байдлын тухай хэрэгжиж эхэлсний дараахан 2020 оны наймдугаар сард баривчилжээ. Британийн паспорттой тэрбээр баривчлагдахаа мэдэж байсан хэдий ч Хонконгоос яваагүй байна.

Лай Хятадад олон тэрбум ам.долларын бизнесийг бий болгосон бөгөөд 1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарсан явдлын дараа коммунист дэглэмийг ил тод шүүмжлэх болж, Хонконгт өрнөсөн жагсаал цуглаанд оролцож байжээ. Түүнийг Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг хэмээн үздэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн