Японы парламентын ээлжит бус сонгууль Ням гаригт /2026.02.08/ болж, ерөнхий сайд Санаэ Такаичигийн Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж байна. “NHK”-д мэдээлснээр, Либерал ардчилсан нам 465 гишүүнтэй доод танхимд 316 суудал авч, байр сууриа бэхжүүлжээ. Харин Японы инновацийн нам эвслийн хувьд бүтнээр нь авч үзвэл 352 суудал авчээ.
Маргарет Тетчерийг хүндлэн биширдэг учир “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн Такаичи Японы Либерал ардчилсан намд нэгэн өнгөлөг дүр болоод буй. Тэрбээр хүйсийн тэгш эрх, цагаачлалын чанга хатуу бодлогоороо танигдсан. Такаичи өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаа авснаар сүүлийн таван жилийн дотор сонгогдож буй дөрөв дэх ерөнхий сайд болсон юм.
Ерөнхий сайд болохоосоо өмнө тэр телевизийн хөтлөгч байсан гэдэг. Мөн хүнд метал хөгжим сонирхдог, хамтлагт тоглодог байснаараа залуусын сонирхлыг ихээхэн татсан.
Санаэ Такаичи ялалт байгуулж буй сургаар зах зээл асар хурдтай хариу үйлдэл үзүүлж байна. Тодруулбал, Японы хөрөнгийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн “Nikkei” индекс өнөө өглөөний /2026.02.09/ эхэн үеийн арилжаагаар таван хувиас дээш гарч өсчээ. Үүний зэрэгцээ иенийн ханш бусад гол валюттай харьцуулахад буурсан байна. Японы засгийн газрын бондууд ч мөн буурсан байна.
Такаичигийн олон улс дахь хамгийн том дэмжигч бол Дональд Трамп. Тэрбээр сонгуулийн өдрөөс ч өмнө Такаичиг хүчирхэг, ухаалаг удирдагч гэдгээ хэдийнэ баталсан нэгэн гэж магтаж байв. Сонгуулийн дүн гарч эхлэхтэй зэрэгцээд Трамп цахим хуудсандаа “Такаичи болон түүний эвсэлд энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсанд нь баяр хүргэе. Таныг болон танай эвслийг дэмжих нь миний хувьд нэр төрийн хэрэг. Урам зоригтойгоор саналаа өгсөн Японы гайхамшигтай ард түмнийг би үргэлж дэмжих болно” гэж жиргэжээ.