Оросын тэрбумтнууд улсын сандаа хандив өгч эхэлжээ

Тэрбумтан Сулейман Керимов, Олег Дерипаска, Владимир Потанин нар.

Оросын зарим хамгийн баян эрхмүүд улсын санд 220 тэрбум рубль буюу ойролцоогоор гурван тэрбум ам.доллар хандивласан гэж бизнесийн сэтгүүл “Expert” Даваа гаригт (2026.06.01) мэдээлжээ. Энэ нь хэдэн сарын өмнө засгийн газрын өсөн нэмэгдэж буй төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “сайн дурын” корпорацын хандив өгөх саналыг нэгэн тэрбумтан гаргасантай холбоотой аж.

Улсын төсвийн хяналтын мэдээллээс харахад бэлэн мөнгөний хандив нь засгийн газрын 2026 онд төлөвлөж байсан 23.3 сая ам.доллараас бараг 130 дахин их байжээ. Нэрээ нууцалсан засгийн газрын албан тушаалтан “Expert” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ байдлаар санхүүгийн жилийн эцэс гэхэд корпорацын хандив 300 тэрбум рубль буюу 4.1 тэрбум ам.долларт хүрнэ” гэж мэдэгджээ.

Кремль гуравдугаар сард мэдэгдэхдээ, нэрээ нууцалсан бизнесмен ерөнхийлөгч Владимир Путины оролцсон хувийн уулзалтын үеэр бизнесийн удирдагчид улсад их хэмжээний санхүүгийн хандив өргөхийг санал болгосон. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь ерөнхийлөгч хувийн санаачилга гэж тодорхойлсон зүйлийг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн.  Гэхдээ зарим мэдээллийн хэрэгслээр Путин өөрөө улсад хандив өргөхийг хүсээгүй гэж мэдээлж байжээ.

Тухайн уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийн нэгний ойрын эх сурвалж “Expert” сэтгүүлд тэрбумтан сенатор Сулейман Керимов уг саналыг гаргасан гэж мэдэгджээ. “The Bell” сонин мөн гуравдугаар сард Керимов энэ санааг дэвшүүлж, 100 тэрбум рубль буюу 1.2 тэрбум ам.доллар амласан гэж мэдээлсэн. Бизнес эрхлэгчид мөнгөө Оросын засгийн газарт шилжүүлэхдээ өөрийн компаниудаар дамжуулан шууд бус, харин нууцлагдмал компаниуд болон корпорацын сангаар дамжуулан шилжүүлж байгаа гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар уг хандивын мөнгө нь засгийн газрын нийт зардлын өчүүхэн хэсгийг эзэлдэг ч улсын төсвийн огцом алдагдлын 15 хувь хүртэлхийг нөхөж чадна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх алдагдал аль хэдийн 79.7 тэрбум долларт буюу ДНБ-ий 2.5 хувьд хүрсэн нь засгийн газрын анхны бүтэн жилийн төлөвлөгөө болох 52 тэрбум ам.доллараас хамаагүй давсан үзүүлэлт юм. “Bloomberg” Даваа гаригт Оросын Сангийн яам болон Төв банкны албан тушаалтнууд саяхан Путинд хэт их дайны зардал нь төсөвт байнгын цоорхой үүсгэх эрсдэлтэй гэж анхааруулсан гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн