Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.05.25-2026.06.01)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 14.91 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 11.42 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Голомт банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Эм Жи Эл Акуа ХК болон АПУ ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:
- Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 1.9 сая ширхэг үнэт цаас нэгжийн 250 төгрөгөөр буюу нийт 483.7 сая төгрөгөөр;
- Инвескор ББСБ ХК-ийн (INV) 67.8 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9,500 төгрөгөөр буюу нийт 644.7 сая төгрөгөөр;
- Голомт Банк ХК-ийн (GLMT) 2.2 сая ширхэг үнэт цаас нэгжийн 1,275 төгрөгөөр буюу нийт 2.78 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бүгд өсөлттэй хаагдаж, зах зээлийн төлөв эерэг хэвээр үргэлжиллээ. TOP-20 индекс +0.78%-иар өсөж 51,360.15 нэгжид хүрсэн бол MSE A индекс +1.72%-иар өссөн нь том болон дунд үнэлгээтэй хувьцаануудад худалдан авалтын идэвх эрчимжсэнийг харуулж байна. Харин MSE B индекс +0.02%-ийн багахан өсөлттэй хаагдсан нь жижиг үнэлгээтэй хувьцаануудын хөдөлгөөн харьцангуй тогтуун байсныг илтгэлээ.
Индексүүдийн хөдөлгөөнөөс харахад өсөлтийг голчлон зах зээлийн өндөр үнэлгээтэй, хөрвөх чадвар сайтай хувьцаанууд дэмжсэн байна. MSE A индексийн TOP-20-оос өндөр өсөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчид тогтвортой санхүүгийн үзүүлэлттэй компаниудад төвлөрч эхэлснийг илтгэж байгаа бол жижиг сегментэд шинэ хөрөнгө оруулалтын урсгал харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Зах зээлийн ерөнхий чиг хандлага эерэг байгаа ч өсөлт бүх сегментэд жигд тархаагүй, илүү сонгомол шинжтэй үргэлжилж байна.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 1,072 ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШГИЙГ ӨВЛӨН АВАХ ҮЙЛ ЯВЦ ЭХЭЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх ажиллагаа 6 дугаар сарын 1-нээс эхэлж байна.
Уг шийдвэр нь 2011 оны 3 дугаар сарын 31-нээс хойш нас барсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байсан иргэдийн хувьцаа болон өмнөх жилүүдэд хуримтлагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа юм. Өвлүүлэх ажиллагаанд хамрагдах иргэдийн тоо 132 мянга гаруй байна.
Өвлөх үйл явцын үндсэн үе шат:
- Хувьцаатай холбоотой мэдээллийг шалгахын тулд иргэд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээн лавлах боломжтой.
- Өв залгамжлагч нь өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг бүрдүүлэх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасан ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж авна.
- Өвлөгч нь өөрийн харьяаллаас хамааран хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр, нөхөр нь өвлөх тохиолдолд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа гаргуулна. Хэрэв хууль ёсны өвлөгчдийн зарим нь өв хүлээн авахаас татгалзах бол татгалзлын хүсэлтээ нотариатаар, эсхүл нотариатгүй орон нутагт нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлэх шаардлагатай. Холбогдох баримт бичиг бүрэн бүрдсэн нөхцөлд нотариатч Нотариатын тухай хуульд заасны дагуу “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгож, мэдээллийг Нотариатын цахим системд бүртгэнэ.
- Хэрэв хууль ёсны өвлөгчдийн зарим нь өв хүлээн авахаас татгалзах бол нотариатаар баталгаажуулсан татгалзлын хүсэлт гаргах шаардлагатай юм.
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчийн дансанд шилжүүлэн бүртгэх.
Хөрөнгийн зах зээлийн хувьд энэхүү шийдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх, нас барсан иргэдийн нэр дээр бүртгэлтэй байсан хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг хууль ёсны өмчлөгчдөд шилжүүлэх ач холбогдолтой. Ингэснээр ногдол ашгийн хүртээмж нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл илүү бодитой болох юм. Хэдийгээр тус компанийн хувьцааг хоёрдогч зах зээл дээр арилжаалах эрх нээгдээгүй хэвээр байгаа ч өмчлөх эрхийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн нь компанийн засаглал, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ил тод байдлыг сайжруулах алхам юм.
ЭДИЙН ЗАСАГ 7.9 ХУВИАР ӨСӨЖ, ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ САЙЖРАВ
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2026 оны эхний улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээр 7.9%-иар өсөж, 6.7 их наяд төгрөгт хүрлээ. Өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай, олборлолтын салбар байсан бөгөөд тус салбар дангаараа ДНБ-ий өсөлтийн 5.0 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Оны үнээр тооцсон ДНБ 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 31.8%-иар өссөн бөгөөд уул уурхайн нэмэгдэл өртөг 74.2%-иар өссөн нь нийт өсөлтийг голлон дэмжжээ. Үйлчилгээний салбар мөн 15.8%-ийн өсөлт үзүүлж эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулсан байна.
Эцсийн ашиглалтын талаас нь авч үзвэл экспортын өсөлт эдийн засгийн тэлэлтийг дэмжсэн хэвээр байна. Бараа, үйлчилгээний экспорт 44.8%-иар өссөн бол цэвэр экспорт ДНБ-ий өсөлтөд 16.6 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ. Харин хөрөнгийн нийт хуримтлал 34.2%-иар буурсан нь хөрөнгө оруулалтын идэвх харьцангуй саарсныг илтгэж байна.
Үүний зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмж сайжирсан үзүүлэлт гарлаа. Нэг ажиллагчид ногдох ДНБ 2026 оны эхний улиралд 4.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.4%-иар өссөн байна. Салбаруудаас уул уурхай хамгийн өндөр бүтээмжтэй хэвээр байгаа бөгөөд нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 12.9 сая төгрөгт хүрчээ.
Гол үзүүлэлтүүд:
- ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр): 6.7 их наяд төгрөг (+7.9%)
- ДНБ (оны үнээр): 22.9 их наяд төгрөг (+31.8%)
- Уул уурхайн салбарын өсөлт: +33.6%
- Бараа, үйлчилгээний экспорт: +44.8%
- Нэг ажиллагчид ногдох ДНБ: 4.8 сая төгрөг (+11.4%)
- Уул уурхайн салбарын хөдөлмөрийн бүтээмж: 12.9 сая төгрөг (+12.9%)
Эдийн засгийн өсөлт болон хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт боловч өсөлтийн ихэнх хэсгийг уул уурхай бүрдүүлж байгаа нь эдийн засгийн бүтэц харьцангуй төвлөрсөн хэвээр байгааг харуулж байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд уул уурхайтай холбоотой компаниудын орлогын төлөвийг дэмжих орчин хадгалагдаж байгаа бол боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын идэвх сул байгаа нь бусад салбарын хувьцааны гүйцэтгэл сонгомол хэвээр байх нөхцөлийг бүрдүүлж байна.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ТӨСВИЙН ОРЛОГЫН 28.6 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар уул уурхайн салбар монгол улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6.6 тэрбум ам.Долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 62.5%-иар өссөн бол аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 84.3%-ийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлжээ.
Уул уурхайн салбарын өсөлт экспортын орлогоос гадна төсвийн орлогыг хүчтэй дэмжиж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 13.8%-иар буюу 1.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 33.6%-иар өссөн бөгөөд улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 28.6%-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь төсвийн орлого уул уурхайн салбарын гүйцэтгэлээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.
Бүтээгдэхүүний түвшинд авч үзвэл 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 38.3 сая тонн нүүрс, 797.6 мянган тонн зэсийн баяжмал, 2.1 мянган тонн молибдены баяжмал, 2.7 тонн алт, 2.3 сая тонн төмрийн хүдэр, 1.1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 124.3 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 52.1 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 33.2 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний үйлдвэрлэл 42.3%, зэсийн баяжмал 29.6%, төмрийн хүдэр 44.4%, төмрийн хүдрийн баяжмал 49.3%, алт 7.8%-иар өссөн бол хайлуур жоншны хүдэр 19.8%, цайрын баяжмал 24.3%-иар буурчээ.
Хүнд үйлдвэрийн салбарт 2,182.7 тонн катодын зэс, 13,252.6 тонн металл бэлдэц, 12,259.0 тонн металл цувимал үйлдвэрлэсэн байна. Металл бэлдэцийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 0.4%, металл цувимал 0.7%-иар өссөн бол катодын зэсийн үйлдвэрлэл 16.4%-иар буурсан нь боловсруулах шатны үйлдвэрлэлийн өсөлт уул уурхайн олборлолтын өсөлтөөс харьцангуй хоцорч байгааг харуулж байна.
Газрын тосны салбарын хувьд 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 1.19 сая баррель газрын тос олборлосон нь өмнөх оны мөн үеэс 6.4%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь олборлолтын хэмжээ зарим түүхий эдийн төрөл дээр тогтвортой бус хэвээр байгааг илэрхийлж байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд уул уурхайтай холбоотой компаниудын орлогын төлөв эерэг хэвээр байгаа ч урт хугацаанд боловсруулах үйлдвэрлэл, бүтээгдэхүүний төрөлжилтийн ахиц нь салбарын үнэлгээ болон хөрөнгө оруулагчдын сонирхолд илүү чухал нөлөө үзүүлэхээр байна.
