Беларусийн зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцов

Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр удахгүй хүчин төгөлдөр болж, монголын бараа бүтээгдэхүүнийг Беларусийн зах зээлд нийлүүлэх боломжтой болно.

Ялангуяа самнасан ноос, ноолуур, боловсруулсан арьс, ширийг тус улсын технологи ашиглан олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон Беларусь төдийгүй 180 гаруй сая хүн амтай Евроазийн зах зээлд нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хоёр тал санал солилцлоо.

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горловтой уулзан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор ферм байгуулах тухай ч ярилцсаныг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Беларусийн зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцов

Мөн Беларусийн тэргүүлэх аж ахуйн нэгж Минскийн трактор, авто машины үйлдвэр, Беларусийн авто машины үйлдвэр, “Крутогорье-Петковичи” сүүний цогцолбор, “Амкодор”, Беларусийн үндэсний биотехнологийн корпораци, “Беллегпром”, Арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцжээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдааныг энэ сарын 1-нд Минск хотноо зохион байгуулж, хуралдааны Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд А.Е.Кузнецов нар даргалсан юм. Хуралдаанаар хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан тууштай хөгжиж байгааг талууд онцлон, хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, аж үйлдвэр, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгээр протокол байгуулж, Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд А.Е.Кузнецов гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн