Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 2 //. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд “Байгалийн ухааны жишиг лаборатори”-ийг байгууллаа.
Тус лаборатори нь сурагчдад онолын мэдлэгээ практик туршилт, судалгаа шинжилгээтэй хослуулан эзэмших боломжийг бүрдүүлж, байгалийн ухааны хичээлийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Лабораторийн орчинд сурагчид сонирхолтой туршилт, судалгаа, шинжилгээ хийж, байгалийн ухааны мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

Мөн математик, физик, хими, биологи, газарзүй, технологийн хичээлийг уялдуулан судалж, эзэмшсэн мэдлэгээ бодит амьдралд хэрэгжүүлэх ур чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтойг Боловсролын яамнаас мэдээлэв.
Түүнчлэн сурагчдын шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, технологи, мэдээллийн технологи, хиймэл оюунд суурилсан орчин үеийн шийдлүүдтэй танилцаж, ирээдүйн инновац, хөгжлийн суурийг тавих нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.



