МАНИЛА, 2026 оны зургаадугаар сарын 1 /Reuters/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламын Филиппинд хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцаагаа “өргөтгөсөн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хангах амлалтаа дахин нотоллоо гэж Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өнөөдөр мэдэгдлээ.
Филиппин, Вьетнам улсууд бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдал болон дүрэм журамд суурилсан дэг журмыг хамгаалах нийтлэг ашиг сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээн Маркос мэдэгдээд, дэлхий дахин хувьсан өөрчлөгдөж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед хоёр улсын түншлэл улам бүр чухал болж байна гэв.
Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдал, усан болон агаарын замаар чөлөөтэй зорчих эрхийг хамгаалах явдал нь Манила, Ханойн хувьд ямар ч тохиолдолд “буулт хийх асуудал биш” гэдгийг талууд дахин нотоллоо гэж тэрбээр мэдэгджээ.
Вьетнамын Ерөнхийлөгч То Лам мэдэгдэхдээ, Филиппин бол Вьетнамын “бүс нутаг дахь чухал түнш” хэмээн тодотгоод, хоёр улс ижил алсын хараа, стратегийн ашиг сонирхолтой бөгөөд энх тайван, тогтвортой байдлын төлөө хатуу амлалт өгснийг онцолсон байна.
То Ламын айлчлалын хүрээнд Филиппин, Вьетнам улсууд батлан хамгаалах, мэдээллийн технологи, аялал жуулчлал болон
боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.