Израиль, Оросыг бэлгийн хүчирхийллийн хар жагсаалтад оруулав

НҮБ-аас гаргадаг дайн мөргөлдөөний бүсэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг орнуудын хар жагсаалтад Израиль, Орос улс анх удаа багтжээ. Тайланд дурдсанаар, Израилийн цэргүүд Газын зурвас болон Йордан голын баруун эрэгт палестинчуудын эсрэг үйлдсэн 31 бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрт хүчиндэх, бүлэглэн хүчиндэх, албадан нүцгэлэх зэрэг хэрэг багтжээ. Израиль улс уг мэдээллийг эрс няцааж, НҮБ-ыг худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан байна. Мөн тайланд Палестины Хамас бүлэглэлийн гишүүд барьцаалагдсан хүмүүсийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн баримтуудыг оруулжээ. Суллагдсан 12 хүн ийм хүчирхийлэлд өртсөнөө мэдүүлсэн байна.

Харин Орос улс Украины дайны үеэр энгийн иргэн болон олзлогдогсдын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн олон удаагийн хэргийн улмаас анх удаа хар жагсаалтад багтжээ. НҮБ-ын мэдээлснээр, Украины эзлэгдсэн нутагт ийм төрлийн 310 тохиолдол бүртгэгдсэн байна. Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига НҮБ-ын тайланг үнэн мөнийг тогтоож, хариуцлага тооцоход чиглэсэн чухал алхам гэж үнэлжээ. Оросын эрх баригчид одоогоор энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн