ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- 2002

УЛААНБААТАР, 2026 оны тавдугаар сарын 28 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хэдийгээр 17 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг Япон ба БНСУ тус тусдаа зохион байгуулах саналаа өгөөд байсан боловч Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ 1996 оны 11 дүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу 2002 оны  хөл бөмбөгийн ДАШТ-ийг Япон ба Өмнөд Солонгосын хотуудад явуулахаар болжээ.

Ийнхүү энэ удаагийн ДАШТ түүхэнд анх удаагаа Ази тивд, мөн хоёр өөр улсын хотуудад зэрэг явагдсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тус ДАШТ нь  2002 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд Японы 10, Өмнөд Солонгосын 10 хотын 20 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн юм.

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ- 2002

Энэ удаагийн тэмцээнд уламжлал ёсоор эзэн орны багууд (Япон ба БНСУ) болон өмнөх 1998 оны дэлхийн аварга Францын багууд давуу эрхээр шууд оролцсон бол Словени, БНХАУ, Сенегал, Эквадорын шигшээ багууд анх удаагаа оролцож, Австрали болон далайн орнуудын баг тэмцээнийг өнжжээ. Ингээд 32 орны баг найман хэсэгт хуваагдан, хэсэг тус бүрээс шилдэг 2 баг хасагдах шатанд өрсөлдсөнөөс аваргын төлөөх тоглолтод Бразилын шигшээ баг Германы багийг 2:0-ийн харьцаагаар буулган авч, 5 дахь удаагаа аваргын цомоо өргөжээ.

Тус тэмцээнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • ДАШТ-ий нээлтийн тоглолт БНСУ-ын нийслэл Сөүл хотод, аваргын төлөөх тоглолт Японы Ёкохама хотод боллоо.
  • ФИФА-гийн зүгээс энэ удаагийн ДАШТ-ий хоёр тоглолтыг БНАСАУ-д зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Умардын эрх баригчид уг саналыг хүлээн аваагүй байна.
  • Тэмцээний бэлгэ тэмдэг нь Ато (дасгалжуулагч), Ник, Каз (хөлбөмбөгчид) гэдэг нэртэй харь гаргийн зочдын дүрс байв.
  • Түүхэнд хоёр дахь удаагаа буюу (өмнө нь Бразил 1966 онд) өмнөх дэлхийн аварга болох Францын шигшээ баг хасагдах шатны тоглолтод шалгарч чадаагүй тохиолдол гарч, ганц  гоол ч хийлгүйгээр нутаг буцаж байжээ.

Бразилын довтлогч Роналдо 7 тоглолтод 8 гоол хийсэн амжилтаараа тус ДАШТ-ий шилдэг мэргэн буучаар шалгарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн