“Ядуурлыг багасгах ба хөгжил” дээд түвшний форум “Ядуурлыг багасгах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвээр БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 26-28-нд болж байна.
Энэ үеэр ГБХНХ-ын сайд Т.Аубакир БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жутай уулзсаныг тус яам мэдээллээ. Сайд Т.Аубакир НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, сэдэвчилсэн судалгаа хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гишүүн орнуудын хүний нөөцийн солилцоо, чадавх бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын туршлага, мэдлэгээс суралцах сонирхолтойгоо илэрхийлэв.
Мөн хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгах нь ядуурлыг бууруулах бодлогын салшгүй хэсэг болохыг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын ядуурлыг багасгах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн амжилттай туршлагыг нутагшуулах, хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жу газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьжиргааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг тодотгоод, форумд оролцож буй төлөөлөгчдийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлэх боломжтойг илэрхийлжээ.