, 2026 оны тавдугаар сарын 26Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 25-нд хүлээн авч уулзаж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг гардуулав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Японы найрсаг харилцаа, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон Японы Яйзү хот хоорондын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг сайшаан тэмдэглэж, манай хоёр улсын найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Засаг дарга Х.Накано чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол, Японы найрсаг харилцаа, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг болон Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын хооронд 2018 оноос эхэлсэн хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засаг, соёл, боловсрол, иргэд хоорондын харилцаа зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
