Казахстанд болсон “PGL Astana 2026” тэмцээний үеэр тэмцээн зохион байгуулагч “PGL” Монголд тэмцээн зохион байгуулах талаар судалж байгаа гэх яриа гарчээ. Хэрэв энэ яригдсан бүхэн ажил хэрэг болвол монголчууд “PGL Ulaanbaatar” гэх цахим спортын дэлхийн шилдгүүд оролцох олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг эх орондоо үзэх боломж бүрдэх гэнэ.
THE MONGOLZ — АЗИЙН ШИЛДЭГ БАГ
Олон жилийн турш CS-ийн ертөнцөд Европ болон Хойд Америкийн багууд ноёрхож, ихэнх томоохон тэмцээнүүд ч тэнд зохион байгуулагддаг байв. Гэвч сүүлийн гурван жилийн хугацаанд “The MongolZ”-ийн хурдацтай өсөлт Монгол Улс анхны том хэмжээний цахим спортын тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болсныг харууллаа.
Тус багийн “YaLLa Compass 2024” болон “Thunderpick World Championship 2024” тэмцээнүүдэд байгуулсан анхны амжилтууд нь “The MongolZ”-ийг шинэ үеийн хамгийн ирээдүйтэй багуудын нэг болгосон. Үүний дараа “Esports World Cup 2025”-ийн аварга болж, “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд дэд аварга болсон нь тэднийг дэлхийн цахим спортын элит багуудын эгнээнд албан ёсоор хүргэсэн юм.
Энэ бүхэн зүгээр нэг магтаал биш. 2025 оны есдүгээр сард “The MongolZ” баг “Valve” болон “HLTV”-ийн чансааг тэргүүлж, дэлхийн номер нэг баг болсон түүхтэй. Ингэснээр Монгол Улс хэдхэн жилийн дотор хөгжиж буй цахим спортын бүсээс дэлхийн хэмжээний хүчирхэг тоглогч болж чадсан юм.

Дэлхийн томоохон цахим спортын тэмцээн зохион байгуулагч “PGL”-ийн зүгээс “Монголын цахим спортын хөгжлийг ойроос ажиглаж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий нийт Монголыг хамгийн сонирхолтой өсөн дэвжиж буй цахим спортын бүсүүдийн нэг гэж харж байна. The MongolZ зөвхөн гайхалтай амжилт гаргаад зогсохгүй Монгол Улсын жинхэнэ элч төлөөлөгч болсон. Өнөөдрийн Counter-Strike-ийн шинэ үеийн тухай Монголыг дурдахгүйгээр ярих боломжгүй болсон” хэмээн онцолжээ.
1xBet-ийн санхүүжилттэй The MongolZ баг Монголыг дэлхийн цахим спортын газрын зураг дээр тодруулах гол хүчин зүйл болсон юм. Мөн тус багийн тоглогчид “PGL Ulaanbaatar” тэмцээний санааг халуун дотноор дэмжиж байгаагаа илэрхийллээ.
“The MongolZ”-ийн тоглогчдоос дараах асуултыг асууж, хариулт авчээ.
-Монгол Улс “PGL Astana 2026” шиг тэмцээн зохион байгуулахад бэлэн гэж та бүхэн бодож байна уу?
-PGL-ийн дэмжлэгтэйгээр энэ тэмцээн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Бэлэн эсэхийн тухай ярих юм бол анхны удаад хэн ч төгс байдаггүй. Бид зүгээр л зориг гаргаж, хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Энэ бол эрсдэлтэй ч үнэ цэнтэй алхам. Харин бидний бодлоор зуны эсвэл намрын улиралд зохион байгуулбал хамгийн тохиромжтой.
-Хэрэв PGL тэмцээн Монголд болбол фенүүд ямар уур амьсгалыг мэдрэх бол?
-Бидний төсөөлж байгаагаар “Thunderpick WC2024”-тэй төстэй уур амьсгал бүрдэх байх. Үзэгчдийн тоо бусад тэмцээнүүдээс бага байсан ч бүх арена биднийг дэмжиж байсан нь яг гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Өөрийн эх орныхоо үзэгчдийн өмнө тоглоно гэдэг үнэхээр гайхалтай байх. Бид тэр тэмцээнд түрүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно.
THE HORDE ФЕН ХӨДӨЛГӨӨН — СОЁЛЫН ҮЗЭГДЭЛ
Өдгөө Монголд “The MongolZ” шиг хөгжөөн дэмжигчидтэй баг алга. Улаанбаатар хотын төвд тоглогчдын ханын зургууд бий болж, баг нь телевизийн алдартай нэвтрүүлгүүдэд уригдаж, тоглогчид нь загварын сэтгүүлийн нүүрэнд хүртэл гарч эхэлсэн.
“BLAST.tv Austin Major 2025” тэмцээний финалын үеэр “The MongolZ” баг “Vitality”-тай аваргын төлөө өрсөлдөхөд мянга мянган фенүүд шөнийн цагаар Улаанбаатарын гудамжинд цугларч, багаа дэмжсэн билээ.
Хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчид нь “1xBet”-ийн дэмжлэгтэйгээр “The Horde” хэмээх фен хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд энэ нь өдгөө соёлын үзэгдэл болон өргөжжээ. “The Horde” нь “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцож, эрч хүчтэй уухай, нижигнэсэн бөмбөр, өвөрмөц хөгжөөнөөрөө “жинхэнэ live support гэж юу вэ” гэдгийг бүх аренад харуулсан.
PGL Astana 2026 тэмцээний үеэр “The Horde” өмнөхөөсөө ч илүү хүчирхэг үзүүлбэр толилуулж, тэмцээний хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэгийг бүтээсэн. Одоо тэд энэ уур амьсгалыг эх орондоо авчрахыг мөрөөддөг болсон. Тэдний Aстанад хийсэн аялал нь зүгээр нэг тэмцээн биш, харин Монголд томоохон цахим спортын арга хэмжээ ямар байх ёстойг харуулсан бодит жишиг болсон юм.
“PGL”-ийн зүгээс “Зохион байгуулагчийн өнцгөөс харахад Монголын фенүүдийн идэвх, оролцоо, өвөрмөц дүр төрх нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Өнөө үед ийм хүчтэй ‘community energy’ маш ховор болсон бөгөөд энэ нь тухайн хотыг тэмцээн зохион байгуулахад илүү сонирхолтой болгодог” гэж мэдэгдэв.
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХАД БЭЛЭН
Тэмцээн зохион байгуулагчид шинэ байршил сонгохдоо цахим спортын танигдсан байдал, хүчирхэг дотоодын багууд, фен community-ийн идэвх болон олон улсын зочдод хэр сонирхолтой бүс нутаг вэ гэдгийг харгалзан үздэг.

Монгол Улс эдгээр бүх шалгуурт өндөр үнэлгээ авч байна. Ялангуяа монголчуудын зочломтгой зан, үндэсний соёлоо бусадтай хуваалцах хүсэл нь онцгой давуу тал болдог. Мөн Улаанбаатар хотод “M Bank Arena”, “AIC Steppe Arena”, Бөхийн өргөө зэрэг олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах боломжтой арена бий.
“PGL” бол олон улсын цахим спортын тэмцээн зохион байгуулдаг дэлхийн тэргүүлэх операторуудын нэг. Сүүлийн жилүүдэд тус байгууллага Бухарест, Клуж-Напока, Астана хотуудад тэмцээнүүд зохион байгуулсан бөгөөд энэ оны сүүлээр Сингапурт томоохон тэмцээн хийхээр төлөвлөж байна. Мөн 2027-2028 оны хэд хэдэн том хэмжээний тэмцээнээ зарласан бөгөөд шинэ улс, шинэ байршлуудыг эрэлхийлсээр байгаа юм. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөвөл фенүүд удахгүй PGL Ulaanbaatar 2027 эсвэл PGL Ulaanbaatar 2028 тэмцээнийг үзэх боломжтой болж магадгүй.
“Шинэ зах зээлд олон улсын хэмжээний топ тэмцээн авчирна гэдэг нь зөвхөн нэг шийдвэрээр бүтдэг зүйл биш. Тохирсон арена, шууд дамжуулалтын дэд бүтэц, аялал жуулчлал болон зочид буудлын боломжууд, мөн хүчтэй дотоодын түншүүд хэрэгтэй. Энэ төрлийн хэлэлцээ тодорхой хугацаа шаарддаг. Гэхдээ бид шууд хэлэхийг хүсэж байгаа зүйл нь Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байгаа бөгөөд бид ирээдүйд Улаанбаатарт PGL тэмцээн зохион байгуулах боломжийг судлах сонирхолтой байна. Бид Монголын институц, бизнес болон community-ийн оролцогч талуудтай хамтран ажиллахад нээлттэй.
Бид Астанад зохион байгуулсан тэмцээнээрээ бахархаж байгаа бөгөөд Төв болон Зүүн Хойд Азийн бүсээс ирсэн асар их хариу үйлдэл нь энэ бүс нутаг дэлхийн цахим спортын хуанлид илүү том байр суурь эзлэх ёстойг дахин баталлаа. Монгол Улс энэ ирээдүйн зураглалын нэг хэсэг мөн,” хэмээн PGL Esports онцоллоо.