COP17-ийн үеэр танилцуулах шилдэг төслүүдийг сонгон шалгаруулж байна

Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шатыг зохион байгуулж, шилдэг төслүүдийг шалгаруулж байна.

Тус платформыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан Монголын Бизнесийн Зөвлөл болон Монголын Байгалийн Өв Сантай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулж буй хөтөлбөр юм. Энэ нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, цаашид өргөжин хөгжих боломжтой ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ, чадавхжуулах дэмжлэг үзүүлэх замаар олон улсын санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбоотойгоор энэ удаагийн сонгон шалгаруулалт нь бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, байгаль хамгаалалд чиглэсэн төслүүдэд төвлөрсөнөөрөө онцлогтой. Сонгон шалгаруулалтад

• Бэлчээрийн хамгаалал

• Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт болон амьжиргааг сайжруулах шийдлүүд

• Бэлчээрийн нөхөн сэргээлт ба хөрсний эрүүл ахуй

• Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ

• Ногоон санхүүжилт болон зах зээлд суурилсан байгаль хамгааллын санхүүжилтийн шийдлүүд

• Технологид суурилсан бэлчээрийн менежментийн шийдлүүд гэсэн зургаан үндсэн чиглэлийн хүрээнд төслүүдийг хүлээн авсан байна.

Нийт 135 төсөл бүртгүүлснээс шаардлага хангасан 71 төслийг эхний шатны үнэлгээнд хамруулжээ. Улмаар хамгийн шилдэг гэсэн 30 төслийг хоёрдугаар шат буюу эцсийн шалгаруулалтад өрсөлдөж төслөө шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан 10 гаруй төслийг “Үндэсний Ногоон Лаб” платформын төсөл хөгжүүлэлтийн шатанд шилжүүлэн, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын бэлтгэл, олон улсын түвшний чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой болов.

COP17-ийн үеэр танилцуулах шилдэг төслүүдийг сонгон шалгаруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан ярихдаа “Бид хоёрдугаар сард нээлтээ хийснээс хойш төслүүдээ “National Green Lab” цахим хуудсаар хүлээн авч эхэлсэн. Нийт 135 төсөл ирүүлснээс бүртгэл, анхан шатны шалгаруулалтын дараа 70-ыг нь сонгон авлаа. Үүнээс 30 төслийг дараагийн шатны шалгаруулалтад хамруулж, шилдгүүдийг нь эцсийн шатанд сонгохоор ажиллаж байна. Шалгарсан төслүүдийг наймдугаар сар хүртэл бойжуулж, сайжруулан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал буюу COP17-ийн үеэр танилцуулна. “Үндэсний ногоон лаб” нь хөрөнгө оруулалт шууд олгож, татан төвлөрүүлнэ гэсэн амлалт өгөөгүй. Харин төслүүдийг үнэ төлбөргүйгээр хөгжүүлж, сайжруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, тухайн төсөлд ямар төрлийн зөвлөгөө, сайжруулалт шаардлагатай байна, тэр бүхэнд нь чиглэсэн дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Энэ хугацаанд оролцогчдыг тогтмол сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах бөгөөд PMI болон Ernst & Young зэрэг олон улсын байгууллагуудын төсөл боловсруулах, бойжуулах, төслийн менежментийн сургалтад оролцоно. Мөн COP17 хурлын үеэр төслүүдээ танилцуулах хоёр төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид сайжруулсан төслүүдтэй танилцаж, сонирхсон тохиолдолд хөрөнгө оруулах боломж нээлттэй байх юм. Дахин онцлоход, “Үндэсний ногоон лаб” нь хөрөнгө оруулалт шууд олж өгнө гэсэн агуулгатай биш. Харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллаж буй байгууллагууд төслүүдийг үнэ төлбөргүйгээр хөгжүүлж, олон улсын түвшинд танилцуулахад бэлтгэж буй санаачилга юм” гэв.

COP17-ийн үеэр танилцуулах шилдэг төслүүдийг сонгон шалгаруулж байна

Харин Монгол Байгалийн Өв Сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Монголын Байгалийн Өв Сангийн хувьд сайн дурын үндсэн дээр тус хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. Үндсэндээ ажлын албыг бүрдүүлэхээс эхлээд бүх процессын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран оролцож байгаа гэсэн үг. Энэ долоо хоногтоо багтаан шилдэг 10-15 төслийг эцэслэн шалгаруулна. Шалгарсан төслүүд COP17 олон улсын хурлын үеэр төслийн санаагаа олон нийтэд, мөн тус хуралд оролцох гадаадын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой болно. Гол зорилго нь сонирхолтой, үр нөлөөтэй төслийн санаатай хүмүүсийг хөрөнгө оруулалт сонирхож буй байгууллага, хувь хүмүүстэй холбох гүүр болох юм. COP17 хурлыг Монгол Улс зохион байгуулж байгаатай холбоотойгоор зөвхөн гадаад бус, дотоодын хөрөнгө оруулагчид ч бэлчээр болон байгаль орчны чиглэлийн төслүүдийг ихээхэн сонирхож байгаа. Тиймээс энэ хоёр талыг холбох боломжийг бүрдүүлэхэд “Үндэсний ногоон лаб” чиглэнэ. Шилдэг төслүүд шалгарсны дараа хоёр сарын хугацаанд техникийн дэмжлэг үзүүлэх инкубатор хөтөлбөрт хамруулна. Энэ нь олон сар үргэлжилдэг уламжлалт инкубаторуудаас ялгаатай бөгөөд гол зорилго нь COP17 хурлын бэлтгэлийг хангахад чиглэх юм. Тухайлбал, төслөө олон улсын хөрөнгө оруулагчдад хэрхэн танилцуулах, илтгэлээ хэрхэн бэлтгэх зэрэг ур чадварын сургалт, зөвлөгөө өгнө. Мөн зарим төслийн хувьд байгаль орчны өндөр үр нөлөөтэй ч санхүүгийн тогтвортой байдлын шалгуур дутмаг байх тохиолдол бий. Иймээс тухайн төслийн хэрэгцээ шаардлагад үндэслэн санхүү, байгаль орчны үр нөлөө, төсөл боловсруулах, төслөө танилцуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр шалгарсан төслүүдийг нэгдсэн стандартын дагуу бэлтгэж, COP17 хурлын үеэр зохион байгуулах тусгай үйл ажиллагааны үеэр 15 төсөл өөрсдийн саналаа олон нийт болон хөрөнгө оруулагчдад нээлттэй танилцуулах боломж бүрдэх юм” хэмээн ярилаа.

Шилдэг төслүүдийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд БОУАӨЯ, ХХААХҮЯ,  Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэ Нэйче Консерванси, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан, PMI Mongolia, Худалдаа хөгжлийн банк, “Хаан” банкны төлөөлөл багтжээ.

COP17-ийн үеэр танилцуулах шилдэг төслүүдийг сонгон шалгаруулж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн