Хаж мөргөлийн үеэр +47 хэм хүрч хална

ЭР-РИЯД, 2026 оны тавдугаар сарын 25 /Kazinform/. Саудын Арабын эрх баригчид хаж мөргөлийн үеэрх экологийн ачааллыг бууруулахын тулд авч буй арга хэмжээгээ эрчимжүүлж байна.

Энэ жилийн мөргөлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 1.6 сая гаруй хүн Мекка хотод ирэх төлөвтэй байгаа юм. Саудын Арабын эрх баригчид хог хаягдлын менежмент, хэт халуунаас үүдэлтэй эрсдэлийг багасгах, цахилгаан тээврийг хөгжүүлэх, тоон шийдлийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна.

Экологийн асуудлуудын дотроос хог хаягдлын асуудал нь хамгийн ихээр тулгамдаж байгаа ажээ. Өнгөрсөн онд болсон мөргөлийн үеэр 348 мянга гаруй тонн хог хаягдал хуримтлагдсаныг цэвэрлэж зайлуулсан байна. Энэ ажилд ТББ-ууд, сайн дурынхныг дайчилжээ.

Өөр нэгэн асуудал бол хэт халалт юм. Тус улсын Цаг уурын төвийн таамаглаж байгаагаар, Мекка хот болон бусад ариун газруудад хаж мөргөлийн үеэр +47 хэм хүрч халах төлөвтэй байна. Эрүүл мэндийн яамнаас мөргөлчдөд хандан, нарших, шингэн алдах эрсдэлийг бууруулахын тулд шүхэр хэрэглэхийг зөвлөжээ. Мөн сүүдэрт байх нь халууныг 10 хэмээр бууруулдаг болохыг санууллаа.

Мөргөлчдийг халуунаас хамгаалахын тулд 6 мянга гаруй ус шүршигч байрлуулж, замын асфальтны халалтыг багасгах тусгай бүрхүүл тавьж, сүүдэртэй газруудын тоог нэмэгдүүлжээ.  Үүний сацуу хаж мөргөлийн үеэр 3 мянга гаруй түргэн тусламжийн машин, 11 нисдэг тэрэг ажиллана. Мөн эмнэлгийн хэрэгслийг богино хугацаанд хүргэх дронуудыг туршиж байна.

Мөргөлийн үеэр экологид ээлтэй Al-Mashaer гэдэг цахилгаан галт тэргээр 2 сая гаруй мөргөлчдийг тээвэрлэхээр төлөвлөжээ. Галт тэрэгний 18 км урт зам нь 9 өртөөтэй бөгөөд түүгээр цагт 72 мянган зорчигчийг тээвэрлэнэ.

Мөн Мекка, Медина хотууд ба бусад ариун газруудын хооронд мөргөлчдийг зөөхийн тулд 8 мянга гаруй автобусыг бэлэн болгожээ.     

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн