Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн Нацү башё өндөрлөлөө.
Тус башёгийн таван зиндаанд Монголын 23 бөх барилдсан ч хоёр нь тэмцээнээ дуусгаж чадалгүй эхний хэсгээс өнжсөн. Харин үлдсэн 21 бөхөөс 14 нь качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлэв. Түүнчлэн санданмэ болон жонокүчид монгол бөхчүүд түрүүлсэн бол макүүчид түрүү булаацалдсан юм. Тодруулбал, макүүчи зиндаанд озэки Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн өдөр маэгашира Үраг давснаар 12 даваатай болов. Улмаар комүсүби Вакатакакагэтай нэмэлт халз барилдаан хийсэн ч ялагдсанаар түрүүлж чадсангүй. Түүнд Японы сумо бөхийн холбооноос Нагоя башёд хоёр ёкозүна, озэки Котозакүра, Сэкивакэ Аонишики нар барилдан, тэдэнтэй өрсөлдөж түрүүлбэл ёкозүна цол олгох болзол тавьсан байна.



Харин санданмэд түрүүлсэн Асахифүжи А.Очирсайхан 21 дараалан яллаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр жонокүчи, жонидан, санданмэ гэсэн бага гурван зиндаанд бүгдэд нь түрүүлэхдээ нэг ч ялагдаагүй гэсэн үг. Мэргэжлийн сумод гурав дахиа түрүүлсэн түүний хувьд долоодугаар сард макүүшитад эрэмбэлэгдэх магадлалтай. Түүнчлэн самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан, гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнийн хүү Хакүгэцүро А.Сүхбат сумод барилдсан эхний башёдоо түрүүллээ.
Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил энэ башёг хоёр даваатай дуусгаснаар долоодугаар сард жюүрёод унах нь тодорхой болжээ. Тэрбээр дээд зиндаанд 714 давсан амжилтаараа долоодугаар байрт ёкозүна Кисэносатотай зэрэгцлээ. Нацү башёг монгол сумочид ямар амжилттай дуусгасныг сонирхуулъя.

Макүүчи
Ёкозүна Хоошёорюү 0-2-13 (гэмтсэн)
Озэки Киришима 12-3
М-7 Чиёошёома 5-10
М-8 Оошёома 8-7
М-8 Асахакүрюү 5-10
М-13 Тамаваши 2-13
М-14 Роога 9-6
Жюүрёо
З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн 9-6
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 7-8
З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар 9-6
Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц 9-6
Б12 Тамашёохо Э.Энхманлай 8-7
Макүшита
З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун 2-0-5 (гэмтсэн)
Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4
З-18 Казэноүми Ц.Билгүүн 2-5
З-39 Тацүбаяма М.Буянтогтох 5-2
З-46 Тэнросэй С.Лувсангомбо 3-4
Б-48 Саданохикари Д.Наранцогт 4-3
Санданмэ
З-2 Госэйзан Б.Мөнх-Од 5-2
З-6 Асахифүжи Б.Очирсайхан 7-0 түрүүлсэн
З-23 Сачинофүжи Г.Оргил 5-2
З-55 Тэншёояма Г.Отгонбат 6-1
Жонокүчи
З-15 Хакүгэцүро А.Сүхбат 7-0 түрүүлсэн.

