АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган (UNFF21)-нд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нар оролцжээ.
Чуулганы хуралдаанд Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахыг мэдээлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн цаашдын зорилтын талаар танилцуулсан байна.
Тэгвэл Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаярыг НҮБ-ын Ойн форумын 22, 23 дугаар чуулганы удирдуулахаар сонгожээ. Ингэснээр Монгол Улс тус форумыг анх удаа даргалах хүндтэй үүрэг хүлээв. Энэ нь манай улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгыг олон улсын түвшинд сурталчлан таниулах, улмаар тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын Ойн форум нь дэлхийн хэмжээнд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн салбарын бодлого, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцдэг НҮБ-ын гол механизмын нэг ажээ. Монгол Улс тус форумыг даргалах хугацаандаа ой, бэлчээр, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа холбоог онцлон авч үзэж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах юм байна.