Хоёр Солонгосын эмэгтэй хөлбөмбөгчдийн тоглолт эхэлжээ

СУВОН, 2026 оны тавдугаар сарын 20 /ТАСС/. Хэдийгээр ширүүн бороо орсоор байгаа боловч хөл бөмбөгийн олон мянган хөгжөөн дэмжигчид, хоёр Солонгосын хоорондын харилцааг дэмждэг олон нийтийн байгууллагын гишүүд БНАСАУ ба БНСУ-ын эмэгтэйчүүдийн багуудын тоглолтыг үзэхээр хуран цугларчээ.

Өмнөд Солонгосын Сувон хотноо орон нутгийн цагаар 19:00 цагт Азийн хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ. Умард Солонгосын “Нэкохян”, Өмнөд Солонгосын “Сувон Уимен” багуудын тоглолт ид дундаа үргэлжилж байна. Тоглолтыг үзэхээр Өмнөд Солонгосын Соёл, спортын сайд Че Хи Ён хүрэлцэн иржээ.

“Нэкохян” багийн 27 тоглогч ба дасгалжуулагчдын багийн 12 гишүүн 17-ны өдөр Өмнөд Солонгост ирсэн байна. Энэ бол 2018 оноос хойш Умард Солонгосын тамирчид анх удаагаа Өмнөдөд ирж буй тохиолдол юм. Мөн Өмнөд Солонгосын нутагт болж буй хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багуудын анхны тоглолт ажээ.

Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбооны мэдээллээр, тоглолтын нийт 9 мянган тасалбараас 7 мянга орчим нь хэдхэн цагийн дотор зарагдсан байна. Хоёр багийг хөгжөөн дэмжихээр Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагуудын 3 мянга орчим гишүүд цугларчээ.

Өмнө нь “Нэкохян”,”Сувон Уимен” багууд хэсгийн шатанд учраа таарахад Умардын хөлбөмбөгчид 3:0 харьцаагаар хожсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн