САППОРО, 2026 оны тавдугаар сарын 18 /Kyodo/. Одоогоос 100-72 сая жилийн өмнө амьдарч байсан аварга наймаалжуудын биеийн урт нь 19 метрт хүрдэг байсныг Японы их сургуулийн судлаачдын удирдан явуулсан шинэ судалгаагаар тогтоосон нь уг амьтан шинжлэх ухаанд мэдэгдэж буй сээр нуруугүй хамгийн том амьтдын нэг, мөн далайн хамгийн том махчин байсан байх өндөр магадлалтайд тооцох үндэслэл болжээ.
Далайн экосистемд акул зэрэг сээр нуруутан махчин амьтад хэдэн зуун сая жилийн турш давамгайлж байсан хэдий ч эртний Грекийн домогт гардаг Кракеныг санагдуулам сэрвээтэй эдгээр наймаалж нь үүнийг үгүйсгэх ховор тохиолдол байж магадгүй гэж “Science” сэтгүүлд дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нийтлэгдсэн уг судалгааны талаарх өгүүлэлд дурджээ.
“Хамгийн эртний наймаалжууд Цэрдийн галавын үед далайн хамгийн аварга том махчин амьтад байсныг бидний судалгааны үр дүн харуулж байна” хэмээн судалгааг ахалсан Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Ясүхиро Иба ярилаа.
Судлаачид аварга наймаалжны эрүүний хэмжээнд үндэслэн биеийнх нь нийт уртыг 7-19 орчим метр байсан хэмээн тооцоолжээ. Тэдний хамгийн том нь тухайн цаг үед зэрэгцэн амьдарч байсан мозазавр, плезиозавр зэрэг далайн хэвлээр явагчидтай хэмжээгээрээ дүйхүйц байсан бөгөөд одоогийн аварга арваалжнаас ч том байсан байна.