Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 13-14-нд Прага хотноо боллоо.

Хуралдаанаар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж, эдүгээ Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг талууд онцоллоо. Цаашид хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн агуулгаар баяжуулах, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийлээ.

Түүнчлэн олон улсын авто тээврийн харилцааны хэлэлцээр байгуулах, геологийн судалгаа, хайгуул, уул уурхайн чиглэлээрх баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэний нисэхийн салбарт ялангуяа орон нутгийн зарим нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах төсөл, “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, хоёр улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдааны протоколд Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Чех Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Ян Сехтер нар гарын үсэг зурлаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, чехийн талаас Үйлдвэр, худалдааны дэд сайд Ян Сехтер нар тус тус тэргүүллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан болов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн